Сэлэнгэ аймгийн Онцгой комисс энэ сарын 24-нд хуралдаж, аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Онцгой комиссын гишүүдийн саналаар ЕБС-ийг арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийг дуустал гурав хоног, цэцэрлэгийг 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийг дуустал зогсоож, нөхцөл байдлын мэдээг холбогдох дээд шатны байгууллагад уламжилсан байна. Дээрх хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд олон нийтийн арга хэмжээ, секц дугуйлан хичээллүүлэхгүй байхад хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Мөн албан байгууллагын дарга эрхлэгч нарт өвчтэй хүүхдээ асарч хамгаалах боломжийг олгож, ажилтан албан хаагчдадаа чөлөө зөвшөөрөл олгож, зохицуулалт хийж ажиллахыг үүрэг болгосон байна.
Ж.ОД: ТОМУУ ӨВЧНИЙ ХАЛДВАР 22.3 ХУВЬТАЙ БАЙНА
Томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдлын талаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Одоос тодрууллаа.
-Томууны өвчлөлтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Томууны өвчлөл ямар хэмжээнд байна вэ?
-Энэ сарын 16-22-ний өдрүүдэд буюу өнгөрсөн долоо хоногт аймгийн хэмжээнд нийт 7092 хүн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн байна. Түүний 1100 буюу 15.5 хувь нь томуу өвчний халдвар эзэлж байна. Энэ 1100 тохиолдлын 93.6 хувь нь 0-15 насны хүүхэд, үлдсэн 6.4 хувь нь насанд хүрсэн хүмүүс байгаа юм. Тэгэхээр цэцэрлэгийн болон бага насны хүүхдүүд томуу өвчнөөр их өвчилж байна. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 тоот тушаалыг үндэслэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналаа аймгийн ЗДТГ болон аймгийн Онцгой комисст хүргүүлсэн. Сайдын дээрх тушаалд нийт өвчлөгсдийн 15-аас дээш хувь нь томуу өвчнөөр өвчилсөн бол хөдөлгөөнийг хязгаарлахаар тусгасан. Тийм учраас сайдын тушаалыг үндэслэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна.
Мөн энэ сарын 23, 24-ний хоёр өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 2929 хүн эмнэлэгт хандсан. Түүний 653 нь буюу 22.3 хувь нь томуу өвчний халдвар эзэлсэн. Тэгэхээр сүүлийн өдрүүдэд томуу өвчний халдвар улам нэмэгдлээ.
-Эмнэлгийн хүрэлцээ хэр байгаа вэ?
-Аймгийн хэмжээнд эмнэлгүүдэд нийт 744 ор байдаг. Түүнээс 130 нь хүүхдийн ор. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар 191 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хүүхдийн ор хүрэлцэхгүй байсан учраас 60 гаруй орыг нэмж тавьж, хүүхдүүдийг хэвтүүлсэн. Харин энэ сарын 24-ний байдлаар аймгийн хэмжээнд 230 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр 100 ор гаргаж, өөр тасгуудыг суллаж хүүхдүүдийг хэвтэн эмчилж байна. Манай эмч нар уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн гэрээр нь очиж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Дуудлагын хоёр машин нэмэлтээр ажиллаж байгаа. Нэг нь зөвхөн хүүхдийн дуудлагын дагуу ажиллаж байна.
-Томуу өвчнөөс хүүхдүүд хэрхэн сэргийлэх ёстой вэ?
-Нэгдүгээрт өвчилсөн тохиолдолд антибиотик хэрэглэхгүй байх ёстой. Антибиотик хэрэглэснээр өвчнийг түр намдаадаг ч улам архагшуулдаг гэдгийг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдийг олон нийтийн газар явуулахгүй байх, дааруулахгүй дулаан хувцастай явуулах, тогтмол амны хаалт зүүх шаардлагатай. Хүүхдэдээ амин дэмээр баялаг хоол хүнс өгч, унтаж сайн амраах хэрэгтэй. Томуу өвчнөөр өвчилсөн ч дээрх зөвлөмжийг сайн дагаснаар хурдан эдгэх боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )