Саудын Арабт хүүхдийн гэрлэлтийг хориглолоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Саудын Арабын эрх баригчид олон жилийн турш хэлэлцсэний эцэст бага насны хүүхдийн гэрлэлтийг хориглож, гэрлэлтийн доод насыг 18-аар тогтоолоо.

Saudi Gazette” сонинд мэдээлснээр, тус улсын хууль зүйн сайд Валид ас-Самаани шинэ хуулийг орон нутгийн бүх шүүхэд хүргүүлсэн байна.

18 нас хүрээгүй өсвөр настан гэрлэхийг хүссэн тохиолдолд тусгай шүүхээс зөвшөөрөл авах ёстой аж. Шүүх эрт гэрлэлт өсвөр настны ирээдүйд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг хэлэлцэж, шийдвэр гаргах гэнэ.

Энэ оны нэгдүгээр сард тус улсад 15-аас доош насны хүүхдэд гэрлэхийг хориглосон хууль хүчин төгөлдөр болсон. Үүнээс өмнө Саудын Арабт гэрлэлтийн насыг хуулиар тогтоогоогүй байсан бөгөөд бага насны охидыг эрд гаргах явдал томоохон асуудал байжээ.

Саудын Арабын парламентын хэсэг гишүүд 2017 онд хууль зүйн яаманд хандан 15-аас доош насны охидыг гэрлүүлэхийг хориглохыг шаардсаны үр дүнд эдгээр эерэг алхмыг хийжээ.

Дэлхийн эдийн засгийн форумын мэдээллээр, дэлхийн 117 оронд тодорхой нөхцөлд хүүхдэд гэрлэхийг зөвшөөрдөг эсвэл гэрлэлтийн доод насыг хуульчлаагүй байдаг байна.

НҮБ-ын хүүхдийн сангийн мэдээллээр, жилд 39 мянган хүүхэд гэрлэдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top