Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард "Болор цом" яруу найргийн наадмыг анх зохион байгуулсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд өргөх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан юм. Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "Болор цом" яруу найргийн наадам өнөөдөр /2020.01.04/ Багануурт дүүрэгт болно.
"Болор цом" наадам болж байгаатай холбогдуулан үе үеийн "Болор цом" наадмын тэргүүн шүлгийг цувралаар танилцуулж байна.
1986 он. "Болор цом-4" наадмын тэргүүн шүлэг: Яруу найрагч Тоомойн Очирхүү
ЧУЛУУНЫ МАГТААЛ
Эргэн тойрон хадтай Балбархайн хаваржаанд би
Эхний дуугаа чулуунд хадааж төрсөн
Ээжээс анх тасарсан миний нялхын хүй
Энэ л бууцны чулуун дунд үлдсэн
Хүй дуу хоёр минь чулуунд шингээстэй
Хүний орчлонд тэгэхлээр би чулуунаас уяатай
Хөлд орохоосоо өмнө би чулуун дээгүүр мөлхсөн
Хөлд орохдоо би чулуун дээр боссон
Хашаа хороогоо ч чулуугаар барьж
Хатуу өвлийг ч чулуугаар хаадаг
Хана хэрмийг ч чулуугаар өрж
Халуун галаа ч чулуугаар тулгалдаг
Арвайн тариагаа ч чулуугаар татаж
Агт морио ч чулуугаар аргамждаг
Уулын минь хөх чулуу орсон юмыг нэрлэснээс
Уулын минь хөх чулуу ороогүйг нэрлэсэн нь амар
Юугаараа баян билээ түүгээрээ бахархана
Юм юмны түрүүнд уулынхан чулуугаа магтана
Эрдэнийн чулуу нь зам гудас хэвтдэг
Элбэг баян уулсаараа бахархана
Орд харш, зам талбай, гүүр далан бүгд чулуу
Охид хүүхнүүдийн гоёл чимэг, ээмэг бөгж бүгд чулуу
Оргил өндрийн овоо,тахилга бүгд чулуу
Он улирсан хөшөө,хиргэсүүр бүгд чулуу
Эх газрын алаг чулуу орсон юмыг нэрлэснээс
Энэ дэлхийд чулуугүй юмыг нэрлэсэн нь амар
Хөлд орохоосоо өмнө би чулуун дээгүүр мөлхсөн
Хөлд орохдоо би чулуун дээр боссон
Чулуун дунд өсч төрсөн уулынхан бид
Чулууны үнийг мэддэг улс
Эмээлт морио харж шинждэг шигээ
Эрдэнийн чулууг таньдаг улс
Манай нутгийн буурал өвгөд
Машины үнэтэй гаанс зуудаг
Айлчин гийчнийхээ амрыг эрж
Алаг манан хөөргөөр тамхилдаг
Чулуун дунд өсч төрсөн уулынхан бид
Чулууны идийг мэддэг улс
Болор шилийг зүсдэг алмааз ч болдог
Болд төмрийг элээдэг билүү ч болдог
Зөөлөн хатуугийн туйл
Зөвхөн чулуунд л шингэсэн байдаг
Чулуун дунд өсч төрсөн уулынхан бид
Чулууны бөхийг мэддэг улс
Он цагийг тээсэн гүүрийн багана ч болдог
Орд харшийг даасан суурийн бие ч болдог
Ган шиг батын эрхэм чанар
Гагцхүү чулуунд л шингэсэн байдаг
Эр зориг, баатарлагийн тухай
Энэ чулуугаар сэтгэшгүй
Уул давж, чулуу өргөж
Урт замд сульдахгүй юм бол
Газрын чулуун бөөрөн дээр
Ганц ч атугай хальтарч даарч хонохгүй юм бол
Гавьтай ямар эр хүн байх билээ
Байгалийн сайхан, аян замын тухай
Бас ч чулуугүйгээр санашгүй
Уудам дэлхий цулгуй тэгшхэн
Урал ч гэж байхгүй, Алтай ч гэж байхгүй бол
Ургахын нартай ядаж ганцхан удаа
Уулын хяр дээр золгоогүй бол
Угтаа ямар нүд тайлсан байх билээ
Алдар гавьяа, одонгийн тухай
Аанай л чулуугүйгээр ярьшгүй
Цагийг эзэлсэн суутны алтаар сийлсэн нэр
Цагаан гантиг дээр суурилж байж мөнхөрнө,
Эрэлхэг баатрын алтан таван хошуу одон
Эрдэнийн чулуу шигтгэж байж тодорно
Хөлд орохоосоо өмнө би чулуун дээгүүр мөлхсөн
Хөлд орохдоо би чулуун дээр боссон
Хорвоог таниулсан багын минь тоглоом чулуу байсан
Хожим миний суусан байшин чулуу байсан
Унаган багын тоглоомын чулуун гэрээс
Улаанбаатрын өнөөгийн сууц хүртэл
Эр бие минь чулуун дунд өсч
Эх орноо чулуутай цуг дуулсан
Эхлээд би эх орноо бүхэлд нь бичсэн
Энэ надад ахадсан
Дараа нь би Алтайгаа бичсэн
Дахиад л надад томдсон
Хожим сүүлд нь би
Хол хөдөө үлдсэн аргамжааны чулуугаа бичсэн
Уулын хүү миний чулууны магтаал
Угтаа чухам эндээс л эхэлсэн
Өвдөг тулж мөлхсөн
Өлмий тулж боссон
Сэтгэл хүлэг хоёроо цуг аргамжсан
Сэрүүн Алтайн минь ширхэг чулуу
Өөрийг минь элээх
Өлгий дээр минь босгох
Эхний бөгөөд эцсийн чулуу
Сэтгэгдэл ( 0 )