ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Өнөөдөр 2019.01.09. Энэ оны 9 дэх өдөр бол он дуусахад 356 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандлаа. 17 цаг 18 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -16 хэм, шөнөдөө -23 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Сербид Бүгд найрамдах улсын өдөр, Өмнөд Суданд Энхийн гэрээний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Армены анхны Ерөнхийлөгч Левон Тер-Петросян, Америкийн жүжигчин, “Оскар” болон “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт Жонатан Кимбл Симмонс, жүжигчин, найруулагч Жой Лорен Адамс, Бельгийн дуучин Лара Фабиан, Италийн хөл бөмбөгч, дасгалжуулагч Женнаро Гаттузо, Америкийн дуучин, “Backstreet Boys” хамтлагийн гишүүн Александр Жеймс Маклин, Их Британийн ханхүү Уильямын эхнэр, Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон, Канадын жүжигчин, фото модель, гимнастикч Нина Добрев зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929 оны энэ өдөр Монголын зохиолчдын эвлэлийн суурь болох Хувьсгалч уран зохиолчдын бүлгэм байгуулагджээ.

2012 оны энэ өдөр Чингис хааны мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай зарлиг гаргасан билээ.

2017 оны энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1907 оны энэ өдөр Вильнюст Литвийн анхны уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ.

1923 оны энэ өдөр Хуан де ла Сиерва өөрийн зохион бүтээсэн нисэх онгоцоороо анхны нислэгээ үйлдэв.

1951 оны энэ өдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байр албан ёсоор нээгджээ.

1992 оны энэ өдөр Бүгд найрамдах Серби улсыг зарлан тунхаглав.

2007 оны энэ өдөр анхны “iPhone” утсыг танилцуулжээ.

Энэ өдөр үс засуулбал эд мал арвидна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд үйл хэрэгтээ анхааралтай хандаарай. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Энэ өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, бясалгал хийх, өглөг хандив өгөх, нялхсын хурим хийхэд сайн. Харин газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээхэд таатай бус. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top