ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Өнөөдөр 2020.01.10 Энэ оны 10 дахь өдөр бол он дуусахад 355 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандлаа. 17 цаг 19 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -16 хэм, шөнөдөө -24 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Тайландад Хүүхдийн өдөр бол Фолкландын арлуудад Маргарет Тэтчерийн өдөр, Багамд Олонхын засаглалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Украины анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук, Америкийн одон орон судлаач, физикч, Нобелийн шагналт Роберт Вудро Вилсон, Пуэрто Рикагийн боксчин, дэлхийн аварга Феликс Тринидад, Италийн волейболын тамирчин, дэлхийн аварга Франческа Пиччинини, Энэтхэгийн жүжигчин Калки Коечлин, Данийн хөл бөмбөгч Кеннет Вермеер, Японы сүмоч Ишиүра Масакацү зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1863 оны энэ өдөр Лондонд дэлхийн анхны метроны шугамыг тавьжээ.

1946 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхны хуралдаан Лондонд болов.

1966 оны энэ өдөр Энэтхэг, Пакистаны хооронд дайн зогсоох тухай Ташкентын тунхаг бичгийг үзэглэжээ.

1989 оны энэ өдөр Кубын цэргүүд Анголоос гарч эхлэв.

2001 оны энэ өдөр “Wikipedia” анх гарчээ. Таван өдрийн дараа “Wikipedia” бие даасан сайт болжээ.

Энэ өдөр үс засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, лус тахих, үнэт эрдэнийн зүйл авах, дарханы үйлд сайн. Харин улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top