ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

Өнөөдөр 2020.01.14. Энэ оны 14 дэх өдөр бол он дуусахад 351 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 38 минутад мандлаа. 17 цаг 24 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -24 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн логикийн өдөр. Гаднын улс орнуудаас өнөөдөр Узбекистанд Эх орноо хамгаалагчдын өдөр бол Гүржид Төрийн далбааны өдөр, Тайландад Үндэсний ой хамгаалах өдөр, АНУ-д Батлах өдөр, Тунист Хувьсгалын болон Залуусын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскарын шагналт Фэй Данауэй, Америкийн кино найруулагч Стивен Эндрю Содерберг, рок хөгжимчин, “Foo Fighters” хамтлагийг үүсгэн байгуулагч Дэйв Грол, Италийн авто уралдаанч Жанкарло Физикелла, Бразилын хөл бөмбөгч Даниел Бесса, Английн дуучин, жүжигчин Эби Филлипс, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин, модель Кай зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1976 оны энэ өдөр Улаанбаатар хотод шинжлэх ухаан, соёлын ордныг нээх ёслол болжээ.

2001 оны энэ өдөр Монгол Улсын Иргэний агаарын тээврийн “МИ-8” нисдэг тэрэг осолдож, 20 гаруй хүний амь нас үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон билээ.

2004 оны нэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Тэрбээр ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах ёслолд урилгаар оролцжээ. Монгол Улс ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч улс болсон байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1902 оны энэ өдөр Зүүн Хятадын төмөр зам Манжуур-Харбин чиглэлд галт тэрэг явуулж эхэлжээ.

1929 оны энэ өдөр Москва муж үүсгэн байгуулагдав.

1972 оны энэ өдөр Данийн хатан хаан II Маргрете хаан ширээнд суужээ.

1998 оны энэ өдөр Украины Дээд Рада ОХУ болон Украины хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааны гэрээг батлав.

Энэ өдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянуур хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Энэ өдөр худалдаа наймаа хийх, бизнес эхлэх, зээл авах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top