ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Өнөөдөр 2020.01.17. Энэ оны 17 дахь өдөр бол он дуусахад 349 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 36 минутад мандлаа. 17 цаг 25 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -20 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Испанид Үндэсний баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Их Британийн дуучин Пол Янг, Америкийн жүжигчин Жим Керри, АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишель Обама, Нидерландын дижей Tiesto, Америкийн дуучин, жүжигчин Кид Рок, Францын жүжигчин Сильви Тестю, Оросын дуучин Митя Фомин, хөл бөмбөгч Дмитрий Кириченко, Америкийн жүжигчин, дуучин Зоуи Дешанел, сагсан бөмбөгч Дуэйн Уэйд, Шотландын дижей, продюсер Келвин Харрис, Украины мэргэжлийн богсчин, олимпын аварга Александр Усик зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хоёр улсын хил орчмын бүс нутгийг зохистой, харилцан ашигтай ашиглах тохиролцоонд үндэслэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын төлөөлөгчид БНМАУ-ын Чойбалсан хотын төлөөлөгчидтэй Хөлөнбуйрт хэлэлцээ хийхээр тогтжээ. Хөлөнбуйр аймгийн 350 мянган толгой малыг Чойбалсан хотын хил орчмын нутагт өвөлжүүлэх, Чойбалсан хотын дөрвөн хэсэг бэлчээрийн газрыг хятадын малчдад ашиглуулахаар санал нэгтэй шийдвэрлэжээ.

1958 оны энэ өдөр “Монгол-Хятадын иргэний агаарын тээврийн хэлэлцээ”-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

1967 оны энэ өдөр БНМАУ-Танзани улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

2012 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай зарлиг гаргасан билээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1919 оны энэ өдөр Польшийн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Игнаций Ян Падеревский тус улсын Ерөнхий сайд болжээ.

1920 оны энэ өдөр Зөвлөлт Орост цаазын ялыг албан ёсоор цуцлав.

1929 оны энэ өдөр Афганистаны эмир Инаятулла-хан тус улсыг дөнгөж гуравхан өдөр захираад төрийн эргэлтээр суудлаасаа буужээ.

Энэ өдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянуур хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Энэ өдөр хууль цааз гаргах, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад таагүй. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top