ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Өнөөдөр 2020.01.20. Энэ оны 20 дахь өдөр бол он дуусахад 346 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 34 минутад мандлаа. 17 цаг 32 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -23 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Сапе Вердед Баатруудын өдөр бол Азербайжанд Эмгэнэлийн өдөр, Малид Зэвсэгт хүчний өдөр, Лаост Армийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Америкийн дуучин, «Kiss» хок хамтлагийн гоцлол дуучин Пол Стэнли, «Guns N’ Roses» хамтлагийн гишүүн, гитарчин Трэйси Ганс, Монгол Улсын Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг, Бельгийн хаан Филиппийн гэргий Матильда, Оросын балетчин Анастасия Волочкова, Францын жүжигчин Омар Си, Америкийн жүжигчин Эван Питерс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1926 оны энэ өдөр аливаа яам, тамгын газрын түшмэлүүд ээлж халалцан суудаг ёсыг халах тухай шийдвэр гаргажээ.

1933 оны энэ өдөр Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр ардын цэргийн ангиудаас зарим анги салбарыг Хязгаарын цэрэгт шилжүүлэн өгөхөөр заав.

1964 оны энэ өдөр БНХАУ-ын Засгийн газрын Гадаад худалдааны төлөөлөгчид болон БНМАУ-ын Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчид 1964 онд хоёр улсын гадаад худалдааны асуудлаар тохиролцоонд хүрчээ. Бээжин хотод хоёр улсын Засгийн газар 1964 оны харилцан бараа нийлүүлэлтийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээнд БНХАУ Монгол Улсад торго дурдан, цемент, химийн үйлдвэрийн түүхий эд, тоног төхөөрөмж болон өдөр тутмын төрөл бүрийн бараа зэргийг нийлүүлэх бол БНМАУ-аас БНХАУ-д морь, өлөн гэдэс болон арьс, арьсан эдлэл зэргийг нийлүүлэхээр заажээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1996 оны энэ өдөр Ясир Арафат Палестины автономит улсын Ерөнхийлөгч болжээ.

2018 оны энэ өдөр Турк улс Сирийн хойд хэсэгт “Чидун жимсний мөчир” цэргийн ажиллагааг эхэлсэн байна.

Энэ өдөр үс засуулбал жаргал үргэлж ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Энэ өдөр эе эвээ ололцох, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, лус тахих, үнэт эрдэнийн зүйл авах, хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцох, цөөрөм байгуулахад таагүй. Их хүйтэн болох улирал 23 цаг 12 минутад эхэлнэ. Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top