Нууцлаг вирусээр гурав дахь хүн нас барж, 139 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотноо анх бүртгэгдсэн үл мэдэгдэх вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар гурав дахь хүн нас барж, шинээр 139 тохиолдол бүртгэгджээ. Шинэ төрлийн титэм вирусийн халдвар Бээжин, Шэньжэнь хотуудад хүрээгээ тэлжээ. Тус хотын эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр, үл мэдэгдэх вирусээр халдварласан хүний тоо энэ амралтын өдрүүдэд нийт 201 болж өсжээ.

Нэгдүгээр сарын 18-нд буюу бямба гарагт 59 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол ням гарагт 77 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 66 нь эрэгтэй, 70 нь эмэгтэй өвчтөн. Хамгийн залуу нь 25 настай бол хамгийн хөгшин  нь 89 настай гэнэ. Тэдний 25 нь эмнэлгээс гарсан бол 35-ынх нь биеийн байдал хүнд, есийнх нь биеийн байдал маш хүнд байна. Бусдынх нь биеийн байдал тогтвортой байна гэж Уханийн эрүүл мэндийн хороо мэдээлжээ. Өвчтөнүүдийг эмчилж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдварласан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна.

Шинэ төрлийн вирусийн гарал үүсэл, халдварлах замыг тогтоохоор эрдэмтэд ажиллаж байгаа ч өнөө хэр үр дүнд хүрээгүй л байна.

Хятадаас гадна шинэ төрлийн титэм вирусээр халдварласан хоёр тохиолдолд Таиландад, нэг тохиолдол Японд гарсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top