Хонконг хилийн зарим боомтоо түр хугацаанд хаалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

БНХАУ-ын тусгай захиргааны бүс нутаг болох Хонконг коронавирусын дэгдэлтээс шалтгаалан эх газрын Хятадтай хиллэдэг зарим боомтоо түр хугацаанд хаахаар болжээ.

Мөн түүнчлэн иргэний тээвэр, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг мэдэгдэхүйц бууруулна гэдгээ Хонконгийн Ерөнхийлөн захирагч Керри Лэм мэдэгдсэн байна.

БНХАУ-тай хиллэдэг Баруун Коулун, Хунг Хом, Ша Тау Кок, Ман Кам То зэрэг дөрвөн боомтыг нэгдүгээр сарын 30-ны 00:00 цаг хүртэл хаана. Өвчний дэгдэлтийн мэдээлэлтэй танилцсаны дараа хилийн боомтуудыг хаах хугацааг сунгах эсэхээ шийдвэрлэх аж. 

Түүнчлэн агаарын тээврийн үйлчилгээг 50 хүртэл хувиар бууруулах, Баруун Коулун болон Хунг Хом боомтоор эх газрын хятадтай холбогддог өндөр хурдны галт тэрэгний үйлчилгээг мөн зогсоохоор шийдвэрлэжээ. Энэ хугацаанд мөн гаталга онгоцны нэвтрэлтийг зогсоохоор болсон байна.

Хот хоорондын автобусны зорчигч тээврийн үйлчилгээг 50 хувиар бууруулах, Хонконг-Зухай-Макао чиглэлийн хилийн хянан шалгалтыг ч чангатгахаар болсон байна.

Ерөнхийлөн захирагч Керри Лэмийн хэлж буйгаар БНХАУ-ын эрх баригчидтай зөвлөлдсөний дараа эх газрын Хятадын жуулчдад зорчих зөвшөөрөл олгохоо зогсоохоор төлөвлөж буй аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top