Австралийн эрдэмтэд коронавирусийг эсийн түвшинд судалж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Австралийн эрдэмтэд сүүлийн үед тархалт нь эрчимтэй нэмэгдэж буй коронавирусийн халдварыг эсийн өсгөврийн аргаар судална гэдгээ мэдэгдлээ.

Ингэснээр өвчин анх илэрсэн БНХАУ-аас өөр улсад анх удаагаа лабораторийн түвшинд судалж байгаа нь энэ юм.  

Мельбурн хотын Догертийн хүрээлэн коронавирусийг эсийн өсгөврийн аргаар судлан, турших боломжтой болж байгаа аж. Өөрөөр хэлбэл өвчтөний шинжилгээний дээжээс коронавирусийн эсийг өсгөврийн аргаар салгаж, эмнэл зүйн шинж тодорхойлоход томоохон алхам болж байгаа гэдгийг онцолсон юм.

“Одоо коронавирусийн мэдрэг чадвар, өвөрмөц байдал, бусад вирусээс чухам юугаараа ялгагдаж байгаа гэдгийг бодитой тогтоох боломжтой боллоо. Ингэснээр тухайн вирус хэр хурдан тархсан, үхэлд хүргэх хувь хэмжээг нарийн тогтооход түлхэц үзүүлэх юм. Түүнчлэн өндөр нарийвчлалтай зургийг ч авах боломж бүрдлээ” гэж Догертийн хүрээлэнгийн дэд захирал Майк Кэттон ярьжээ.

Одоогоор БНХАУ-ын зүгээс олон улсын байгууллага, гаднын улс орнуудтай хамтарсан лаборатори хараахан байгуулж амжаагүй байна.

Австралийн эрдэмтэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах бөгөөд БНХАУ-тай судалгаа, шинжилгээний мэдээллээ хуваалцах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top