Домогт сагсан бөмбөгч Коби Брайант нисдэг тэрэгний ослоор өөд болсноос яг тав хоногийн дараа түүнтэй хамт бизнес эрхэлж байсан Жефф Стибел сэтгэлийн үгээ хуваалцлаа.
Коби Брайант домог болсон тамирчин байгаад зогсохгүй бизнесийн авьяастан байсан юм.
Өөрийн нэрээ дархлан үлдээсэн сагсан бөмбөгийн ертөнцөөс зодог тайлсныхаа дараа хөрөнгө оруулалтын салбарт, тэр дундаа технологийн хөрөнгө оруулалтад ур ухаанаа сорихоор төлөвлөж байсан билээ. Улмаар Жефф Стибелтэй танилцаж, 2013 онд “Брайант Стибел” хувь нийлүүлсэн компаниа байгуулсан юм. Спортын ундаа, хувцас хэрэглэл, жижиглэн худалдааны олон бизнест хөрөнгө оруулсан тэдний компанийг ирээдүйд “юм дуулгах” компани гэж бизнесийн салбарынхан онцолж байлаа.
“Эрхэм анд минь, итгэж өгөхгүй л байна.
Бид хамтдаа дараагийн хэдэн арванд бүх зүйлийг өөрчлөхөөр итгэл шулуудан тэмүүлж байлаа. Хоёул юуны төлөө явж байгаа мэдэж байсан. Олон хүн чиний тухай ярьж байгаа ч гагц миний л мэдэх дурсамжийг хэд нь өгүүлж чадах бол. Чиний үлдээсэн өв, гаргасан амжилт их ч цаашид үеийн үед үргэлжлэх болно.
Ванесса, ард үлдсэн охид, Жианнагийн тухай бодохоор зүрх минь шимширч байна. Чамайг явсан гэдэгтэй эвлэрэхгүй байгаа ч үргэлж хамт байх болно, анд минь. Зөвхөн чиний л тодорхойлсон хэм хэмжээнд чинь хүрэхийн тулд үлдсэн амьдралаа зориулах болно” гэж Жефф Стибел инстаграм хуудастаа оруулжээ.
Брайантын бүтээлч санаа, Стибелийн бизнесийн ухаантай сүлэлдэн, хөрөнгө оруулалтын салбарт нэгэн шинэ үзэгдэл бий болгохоор зорьж байлаа. Тэд технологи, медиа, өгөгдлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гарааны бизнесүүдийг санхүүжүүлэхэд анхаарлаа хандуулж байсан юм.
Үүнээс “Пермира” нэртэй өндөр хурдны интернэт сүлжээний компанид 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсныг дурдаж болно.
Коби Брайант 2019 оны есдүгээр сард USA Today сонинд өгсөн ярилцлагадаа “Ухаалаг бизнесийн хамгийн чухал зүйл нь өөрийн гэсэн үнэ цэнийг бий болгох гэж би ойлгодог” хэмээн хэлж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )