Хятад улс коронавирустэй тэмцэх робот бүтээж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

БНХАУ-ын робот үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани “Siasun” Шэньяны дээд сургуультай хамтран шинэ төрлийн 2019-nCoV коронавирусээр үүсгэгдсэн уушгины үрэвслийн шинж тэмдэгтэй хүмүүсээс шинжилгээ авах зориулалт бүхий робот бүтээж байна.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, робот сувилагчдын зарим үүргийг гүйцэтгэх гэнэ. Сувилагчид вирусээр халдварласан байх магадлалтай өвчтөнүүдээс шинжилгээ авахдаа өндөр эрсдэлд ордог. Сүүлийн үеийн технологи халдвар авсан эсэхийг шинжлэх ажлыг түргэсгэх, хялбарчлах боломж нээж байна.

Энэхүү төслийг Хятадын шинжлэх ухааны академи, хэд хэдэн төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Роботыг алсын зайнаас удирдан уян хатан гарынх нь тусламжтайгаар өвчтөний амны хөндийгөөс дээж авах бөгөөд энэ арга нь эмч нарын хувьд аюулгүй байдлаар өвчтөний шүлсний дээжийг шинжлэх боломж олгох юм.

Энэ технологи коронавирусийн тархалттай тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд халдварын тархалтын тохиолдлыг үлэмж хэмжээгээр бууруулна гэж зохион бүтээгчид итгэлтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top