Коронавирус: Уханий эмнэлгүүд зөвхөн хүнд өвчтөнүүдийг хүлээж авна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 28262 хүрч, 565 хүн нас баржээ. Нийт 1208 хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна.
Одоогийн байдлаар, 3859 хүний эрүүл мэндийн байдал хүнд байна.

  • Хятадын засгийн газар шинэ төрлийн коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах үүднээс үйл ажиллагаагаа түр зогсоогоод буй үйлдвэрүүдийг үйл ажиллагааг нь ойрын үед сэргээх үүрэг өгчээ. БНХАУ-ын худалдааны яамны мэдээлснээр, томоохон хотуудад өргөн хэрэглээний барааны эрэлт тасралтгүй өсөж байгаа тул зохих нөхцөлийг бүрдүүлсэн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд сэргээх захирамж гаргасан байна. Коронавирусийн эсрэг тэмцэл шийдвэрлэх үе шатанд ороод байгаа бөгөөд энэ сарын 10-ныг хүртэл сунгасан амралт дуусаж, иргэд олон тоогоор оршин суугаа хот, сууриндаа буцан ирнэ. Төрийн байгууллагууд аюулгүй байдлыг хангасан үйлдвэр, компаниудад бүх түвшинд дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэж тус яамны мэдэгдэлд онцолжээ.
     
  • НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан, Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагууд Хятад улстай эв нэгдэлтэй буйгаа илэрхийлээд, тусламж дэмжлэг үзүүлэх санал бүхий албан захидал БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хүргүүлжээ.
     
  • Ухань хотын Эрүүл мэндийн хороо хотын эмнэлгүүдэд зөвхөн биеийн байдал нь хүнд, маш хүнд байгаа өвчтөнүүдийг хүлээн авах чиглэл өгчээ. Бусад өвчтөнүүдийг түр тусгаарлах болон хээрийн эмнэлгийн төвүүдэд эмч нарын хяналт дор байлгах гэнэ. Эмнэлэгт өдгөө эмчлүүлж буй, биеийн байдал нь сайжирч буй өвчтөнүүдийг эмнэлгээс гаргаж, эдгээр төвүүд рүү шилжүүлэх аж.
     
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусийг эмчлэх үр дүнтэй арга, эм бэлдмэл одоогоор гараагүй байна гэж мэдэгджээ. Тус байгууллага мэргэжилтнүүдэд бүхий л боломжтой эм бэлдмэлийн эм зүйн судалгааг явуулахыг зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.31.15) 2020 оны 02 сарын 06

Ухана хотын вирус намдахгүй бол эцсийн арга хэмжээ газрын хөрстэй нь тэгшлэх л үлдэж

0  |  0
Top