Японы Ёкохама хотын боомт дээр хоёр долоо хоногийн карантинд ороод буй “Diamond Princess” хөлөг онгоц дээр халдвар авсан зорчигчдын тоо 39-өөр нэмэгдэж, нийт 174-д хүрлээ. Тус хөлөг дээр шалгалт хийж байсан хөл хорионы албаны нэг ажилтан мөн халдвар авсан байна.
Японы эрүүл мэндийн сайд Кацунобу Като мэдээлснээр, халдварын оноштой эмнэлэгт өмнө нь хүргэгдсэн дөрвөн өвчтөний биеийн байдал хүнд байгаа бөгөөд эрчим эмчилгээний тасагт шилжжээ.
Эдгээр өвчтөнүүд 60-70 насных бөгөөд Японы гурван иргэн, нэг гаднын иргэн гэнэ.
“Diamond Princess” хөлөг дээр 50 орны 3.7 мянга орчим зорчигч тусгаарлагдаад байна. Халдвар авсан өвчтөнүүдийг Канагава мужийн эмнэлэгт шилжүүлээд байгаа.
Тус онгоц Ёкохама хотоос нэгдүгээр сарын 20-нд аялалд гарч, энэ сарын 3-нд буцаж ирсэн. Зорчигчдын дунд Хятадын нэгэн иргэнээс халдвар илэрсэн бөгөөд тэрбээр нэгдүгээр сарын 25-нд Хонконгт буусан байна.
Японы эрх баригчдын шийдвэрээр, зорчигчид болон онгоцны багийн гишүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар аяллын хөлөг онгоцыг Ёкохама хотын боомт дээр зогсоож, энэ сарын 19-ныг хүртэл хоёр долоо хоногийн карантин тогтоосон билээ.
Сэтгэгдэл ( 0 )