“Шимэгч”. Оскарын тайзан дээр түүх бүтээж, олон жил өөрсдийгөө бүхний орой гэж төсөөлж явсан Холливудад шанаа өгсөн Бон Жон Хо найруулагчаас илүү нэгэн хүн олны анхааралд өртлөө.
Бон Жон Хо-той хамт Венец, Канн, Москвагийн кино наадам, Оскар, Алтан бөмбөрцөг, Британийн тайз, дэлгэцийн шилдгийг шалгаруулах тайзан дээр гарсан Шерон Чой гэх хүн чухамдаа хэн бэ? Хэн бүгдийн гарахыг хүсдэг тайзан дээр жил дамнан гарсан орчуулагч бүсгүйг танилцуулъя.
Шерон Чой БНСУ-ын нийслэл Сөүл хотод 1995 онд төржээ. Түүнийг 10 настай байхад АНУ руу нүүсэн байна. Гэхдээ охиноо үндэсний соёлтой нь ойр байлгахын тулд дунд болон ахлах сургуулийг нь эх оронд нь төгсгөжээ.
Шерон Чой Ханкүк хүрээлэнгийн Олон улс судлалын тэнхимийг төгсөөд, АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд суралцжээ. Тэнд суралцаж байхдаа Өмнөд Солонгосын жүжигчидтэй холбогдож, АНУ-д нээлтээ хийх, олон улсын наадамд оролцоход нь хэлмэрч хийх болсон байна.
Кино уран бүтээлчдэд хэлмэрч хийх болсон нь түүнд таалагдаж, улмаар кино зохиол бичих, найруулах урлагт суралцахаар шийджээ. Кино урлагийн бүхий л томоохон тайзан дээр 25-хан насандаа алхаж үзсэн тэр удахгүй Өмнөд Солонгосын нэгэн жижиг студитэй хамтран кино хийхээр төлөвлөсөн байна.
“Шимэгч”-ээр олон нийт, тэр дундаа Холливудыг ховсдож чадсан Бон Жон Хо АНУ-д өнгөрсөн аравдугаар сард ирмэгцээ Шерон Чойтой холбогджээ.
Улмаар хамгийн анх “Өглөөний мэнд, Америк” хөтөлбөрт оролцсоноос хойш бүхий л томоохон тайзан дээр хамтдаа гарсан юм.
АНУ-ын хэвлэлүүд түүний орчуулах чадвар, англи хэлний мэдлэг, аялга зэргийг нь биширч, хүндэлж байлаа. Олон нэвтрүүлэг, кино наадамд оролцох тусам Америкийн сониуч хэвлэлүүд түүний тухай мэдэхийг хүсэж байсан юм. Гэвч хангалттай мэдээлэл олж чадаагүй билээ.
Учир нь Шерон Чой үеийнхээ олон залуусаас ялгаатай нь нийгмийн сүлжээний хуудсаа тийм ч идэвхтэй хөтөлдөггүй.
Эх сурвалж: Korea Herald
Сэтгэгдэл ( 1 )
Орчуулагчаа л хийнэ биз, чаддаг юмаа л хий...бас кино хийнэ гэчижээ....