Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан нийт хүний тоо 64434 хүрснээс эх газрын Хятад улсад 63851 тохиолдол бүртгэгдлээ. Нас барсан хүний тоо 1488 болсон бол 6985 өвчтөн эдгэрчээ.
Хятад улсад халдварын түвшин Хубэй мужид хамгийн өндөр байна. Өнөөдрийн байдлаар /2020.02.14/, тус мужид нийт 51986 хүн халдвар авснаас 1426 хүн нас барж, 4131 өвчтөн эдгэрчээ.
Хятадын хилээс гадна халдвар авсан хүний тоо 505 хүрээд байна. Тэднээс 218 нь Японд, 60 нь Сингапурт, 30 орчим Тайланд болон Өмнөд Солонгост тус бүр бүртгэгдээд байна. Германд 16, Австралид 15, Францад 11 халдварын тохиолдол илэрчээ.
- Нэг хоногийн дотор Хубэй мужид 116 өвчтөн нас барсан бол шинээр 4823 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх өдөр халдвар авсан хүний тоо 15 мянгаар нэмэгдэж байсан билээ. Эрх баригчид энэ огцом өсөлтийг оношилгооны шинэ арга нэвтрүүлсэнтэй холбон тайлбарласан билээ.
- Хятадын эмч нар COVID-19 коронавирусээр халдварлаж, эдгэрсэн өвчтөнүүдийн цусыг сэлбэх аргыг нэвтрүүлсэн нь үр дүнтэй болохыг нотолжээ. Шинжээчдийн тогтоосноор, энэ өвчнийг ялж чадсан зарим хүмүүсийн цусны ийлдсэнд коронавирустэй тэмцэхэд дэм үзүүлдэг эсрэг биетүүдийг илрүүлсэн байна. Эмчилгээний энэ шинэ аргаар маш хүнд 10 өвчтөнийг эмчилж чаджээ. Энэ эмчилгээг хийж эхэлсний 12-24 цагийн дараа үрэвслийн үйл явц саарч, цусан дахь тунгалаг эсийн хувь хэмжээ нэмэгдэж, хүчил төрөгчийн хангамж сайжирч, вирусийн бие организмд учруулж буй ачаалал багасаж буйг лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.
- Хятадын эрдэмтдийн урьдчилсан дүгнэлтээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан жирэмсэн эмэгтэйчүүдийн урагт халдвар дамждаггүй байна. Хятадын эрдэмтэд коронавирусээр халдварласан есөн жирэмсэн эмэгтэйн тохиолдлыг шинжилсэн байна. Тэд бүгд эрүүл хүүхэд төрүүлсэн аж.
- Мэндэлсэн хүүхдүүдийн амны хөндий, ургийн ус, хүйсний цус болон эхийн сүүнээс авсан дээжийг шинжилсэн бөгөөд нэг ч нярайд коронавирус илрээгүй байна.
- Өнөөдөр аяллын “Westerdam” усан хөлөг Камбожийн Сиануквил боомтод зорчигчдоо буулгаж эхэлжээ. Өнөө шөнө 116 зорчигчийг буулгасан бөгөөд баасан гарагийн өглөө бусад хүмүүсийг гаргаж эхэлжээ. Нийт 1455 зорчигч, 802 багийн гишүүн бүхий “Westerdam” хөлөг онгоц Хонконгоос хоёрдугаар сарын 1-нд гарч Японы хэд хэдэн боомтоор дайрах ёстой байсан ч Японы тал зорчигчдод коронавирусээр халдварласан байж болзошгүй хэмээн сэрэмжилж, хөлгийг тус улсын боомтод оруулахаас татгалзсан. Хожим нь тус хөлөг онгоцыг мөн Филиппин, Тайвань, Тайланд мөн хүлээн авахаас татгалзсан билээ. Долоо гаруй хоног Азийн аль ч боомтод зогсох зөвшөөрөл авч чадаагүй хөлөгт Камбож улсын эрх баригчид зөвшөөрөл олгосон юм. Хөлөг онгоцны зорчигчдын дунд АНУ-ын 651, Канадын 271 болон Герман, Их Британи, Нидерланд зэрэг улсын иргэд байжээ. Тэдний дунд БНХАУ-ын паспорттай нэг зорчигч, Хонконгийн 29 оршин суугч аялж байсан аж.
Сэтгэгдэл ( 1 )
huurhii odoo dahiad dalaigaar aylahgui bha ene humuus gazar gishgeh goe bgada.