АНУ “Diamond Princess” хөлөг дээр тусгаарлагдаад буй иргэдээ нүүлгэн шилжүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

АНУ хоёр долоо хоногийн туршид хорио цээрт ороод буй “Diamond Princess” хөлөг онгоцонд тусгаарлагдаад байсан иргэдээ нүүлгэн шилжүүлжээ. Даваа гарагийн өглөө АНУ-ын иргэдийг тээвэрлэсэн хоёр онгоц Токио хотын “Ханэда” нисэх онгоцны буудлаас хөөрчээ.

Нийт 380 хүнийг аяллын хөлөг онгоц карантилагдаад буй Ёкохама хотоос Японы өөрийгөө хамгаалах хүчний тусгай автобусаар тээвэрлэн, “Ханэда” буудалд авчирсан байна. Тус хөлөг онгоцоор аялж явсан АНУ-ын 44 иргэнээс шинэ төрлийн коронавирус илрээд байгаа бөгөөд тэднийг Японы эмнэлэгт хүргэх юм.

Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг Калифорни муж дахь АНУ-ын зэвсэгт хүчний Трэвис цэргийн баазад байрлуулж, эмнэлгийн үзлэгт хамруулах юм байна. Заримыг нь Техас дахь цэргийн баазад мөн байршуулж, хоёр долоо хоногийн хорио цээрийн нөхцөлд тусгаарлах аж.

АНУ-аас гадна Канад, Израиль, Итали, Өмнөд Солонгос зэрэг улс золгүй хөлөг онгоцноос иргэдээ мөн нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Мөн Хонконг, Тайвань ийм арга хэмжээ авахаар болжээ. Японы эрх баригчдаас зөвшөөрөл авсан даруйдаа Хонконгийн эрх баригчид тусгай онгоц явуулж, оршин суугчдаа үнэгүй хүргэхээр болсон байна.

Тус хөлөг онгоц дээр халдвар авсан хүний тоо 355 болж өсөөд байна. “Diamond Princess” хөлөг онгоцоор 50 улсын 2666 аялагч, онгоцны багийн 1045 гишүүн, нийт 3711 зорчигч нэгдүгээр сарын 20-нд Японы Ёкохама хотоос гарч, Хонконгоор дайран, энэ сарын 3-нд Ёкохама хотод буцаж ирсэн. Хөлөг онгоц дээр коронавирусийн халдвар авсан Хятадын нэг иргэн аялж байсан бөгөөд тэрбээр нэгдүгээр сарын 25-нд Хонконгт буужээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top