Хятадын тусгай захиргааны бүс Хонконгт шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол үүсэж, үймэлдэх үеэр зэвсэглэсэн бүлэг этгээд 600 ширхэг ариун цэврийн цаас дээрэмдсэн хэрэг гарчээ.
South China Morning Post сонинд мэдээлснээр, өргөн хэрэглээний бараа хомстоно гэх цуурхал дэгдсэнээс хойш хонконгчууд мах, будаа, гурил, ариун цэврийн цаас, саван зэрэг барааг их хэмжээгээр авах болжээ.
Амны хаалт зүүсэн гурван этгээд даваа гарагийн /2020.02.17/ өглөө нэгэн дэлгүүрийн ойролцоо түгээгчээс 50 боодол ариун цэврийн цаас дээрэмдсэн байна. Эдгээрийн нэг нь хутгаар зэвсэглэсэн байжээ. Хохирлын нийт хэмжээ нь 130 ам.доллароор үнэлэгдэж байна.
Өнгөрсөн ням гарагт Хонконгийн хэрэглэгчдийн зөвлөлийн ерөнхий захирал оршин суугчдад ариун цэврийн цаасыг их хэмжээгээр авахгүй байхыг зөвлөжээ. Учир нь удаан хадгалах явцад чийгшил ихтэй нөхцөлд цаасанд мөөгөнцөр үүсэх аюултай гэнэ. Томоохон нийлүүлэгчид ариун цэврийн цаасны хомстол үүсэхгүй гэж мэдэгдсэн байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Хонконгт COVID-19 коронавирусээр халдварласан 57 тохиолдол бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол энэ мэтийн жижиг районы л улс шүү дээ