ШУУРХАЙ: Коронавирусийн голомт болсон “Diamond Princess” зорчигчдоо буулгаж эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

 

Японы Ёкохама хотын боомтод энэ сарын 5-наас хойш карантинд орсон “Diamond Princess” тансаг зэрэглэлийн аяллын хөлөг онгоц эхний ээлжийн зорчигчдыг буулгаж эхэллээ.

Японы эрүүл мэндийн яамны мэдээлснээр, эхний ээлжид коронавирусийн халдвар илрээгүй өндөр настай 500 хүнийг буулгаж байна. Мягмар гарагт /2020.02.18/ тус хөлөг дээр нэмж 88 зорчигчдоос коронавирус илэрч, нийт халдвар авсан хүний тоо 542 болсон.

Өдгөө хөлөг онгоц дээр байгаа 3000 орчим хүнийг гурван хоногийн дотор буулгахаар төлөвлөж байна. Эхэндээ тус хөлөг дээр 50 орны зорчигч, багийн гишүүд нийлсэн 3700 хүн байсан бөгөөд халдвар авсан өвчтөнүүдийн ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн билээ. Халдвар авсан хүмүүстэй хавьтсан зорчигчид шинжилгээний хариу гартал хөлөг дээр үлдэх юм байна.

“Diamond Princess” хөлөг онгоц өнгөрсөн сарын 20-нд Ёкохама хотоос гарч, Хонконгоор аялан энэ сарын 3-нд буцаж ирсэн. Зорчигчдын дундаас коронавирусийн халдвар авсан хүн илэрсэн тул тус улсын эрх баригчид энэ сарын 5-нд тус усан онгоц дээр хоёр долоо хоногийн хорио цээр тогтоосон бөгөөд лхагва гарагт /2020.02.19/ хорио цээрийн хугацаа дуусаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(139.5.216.12) 2020 оны 02 сарын 19

Монголд хуурамч мэдээлэл тарааж байгаа TV9 болон гадаад мэдээний тоймч Гантулга гуайг зогсоох чадал манайд алга. Харамсалтай. ЗГ өвчнийг нууж Японы хуурамч оношлуураар буруу оношлож байна гэдэг чинь хуурамч мэдээлэл биш үү

0  |  0
Zochin(103.212.117.226) 2020 оны 02 сарын 19

Тайванчууд ийм малгай өмсдөг

0  |  0
Top