#1 ЗАСГИЙН ГАЗАР: УЛСЫН ХЭМЖЭЭНД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХӨЛ ХОРИОГ СУНГАЛАА
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорионы дэглэмийг сунгах шийдвэр гаргалаа.
Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Өнөөдрийн байдлаар коронавирус дэлхийн 26 оронд 73 мянган хүн өвчилж, 1873 хүн нас бараад байна. Нийт нас баралтын 99.8 хувь нь БНХАУ-д байна. БНХАУ-д болсон цагаан сарын баярын үеэр тус улсын 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь уг өвчин тархах нөхцөл болсон гэж үзэж байгаа юм байна. ДЭМБ-аас коронавирусийн тархалт энэ оны дөрөвдүгээр сараас буурна гэж үзэж байгаа. Манай улсаас БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 хүнийг тусгаарласан. Одоогоор Монгол Улсад өвчлөл бүртгэгдээгүй байна. Гэхдээ Монгол Улсыг өвчлөл орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд бүртгээд байгаа.
Коронавирусийн сэжигтэй хүмүүсийг 28 хүртэл хоног хяналтад байлгах шаардлагатай гэж зөвлөж байгаа. Тиймээс Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020.03.30 хүртэл сунгах тогтоол гаргалаа. Хорионы хугацааг сунгасантай холбоотой дэглэм өөрчлөгдөхгүй” хэмээн мэдээлэл өглөө.
#2 ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ-Г ЗАСГИЙН ГАЗАРТ ӨРГӨН БАРИНА
Уул уурхай, түүхий эдийн талаар дагнан мэдээлдэг Seeking Alpha цахим хуудас Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газарт “Оюу Толгой”-н цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг өргөн барихад бэлэн болсон тухай мэдээллээ. Рио Тинто компани ойрын хугацаанд бэлэн болсон ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барих юм байна.
Тавантолгойн нүүрсний ордод барих 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг 924 сая ам.доллароор тооцож, Рио Тинто компани 2020-2022 он хүртэл хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө тусгахаар болжээ.
#3 СИБИРИЙН ХҮЧ-2: “ГАЗПРОМ” МОНГОЛД ОХИН КОМПАНИА БАЙГУУЛНА
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга, Захирлуудын зөвлөлийн орлогч дарга А.Б.Миллертэй уулзав.
Уулзалтад “Газпром” НХН-ийн Гадаад худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан 512 дугаар газрын дарга Д.В.Хандога, тус газрын орлогч дарга М.В.Балашов, Монгол Улсын Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин болон ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтнууд байлцлаа гэж ОХУ дахь Монголын ЭСЯ-наас мэдээллээ.
#4 Ё.БААТАРБИЛЭГ: СУРАГЧИД ДӨРӨВ, ТАВДУГААР САРЫН БҮХ БЯМБА ГАРАГТ ХИЧЭЭЛЛЭНЭ
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорионы дэглэмийг гуравдугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргаад байгаа билээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Хөл хорионы үеийн хичээл сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд багш, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал байна. Бүх хичээл дохионы хэлээр давхар явж байгаа. Өнгөрсөн хугацааны зардлыг салбарын сайдын багцаас гаргасан. Багш нар авах ёстой цалингаа авч байгаа. Хөл хориог дөрвөн долоо хоногоор сунгах болсон. Ямар ч байсан их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хойшлуулахгүй. Бид гуравдугаар улирлын амралтыг цуцалж байна. Дээр нь дөрөв, тавдугаар сарын бүх бямба гарагт хичээллэнэ. Мөн теле хичээлийг үргэлжлүүлнэ. Цагаан сарын өдрүүдэд монгол ёс заншил, иргэний боловсролын хичээл орно. 1-5 дугаар сангийн сурагчид зургаадугаар сарын 1-нд, 6-12 дугаар ангийн сурагчид зургаан сарын 8-ны өдөр амарна. Зургаадугаар сарын 15 гэхэд бүх ЭЕШ дууссан байна” хэмээн мэдээлэл өглөө.
#5 БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДАД: ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ "ИНЧЁН"-ООС ИЛЭРСНИЙГ АНХААРУУЛЪЯ
БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудад хандан БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөмж гаргалаа. БНСУ-д 2020.02.19-ны 09.00 цагийн байдлаар коронавирусын халдвар тохиолдол нийт 46 болж, огцом өсөөд байна. Үүний сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн ба вирусын халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй байна. Одоогоор халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон "Инчён" нисэх буудлаас илэрсэн.
Иймээс иргэн та Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )