Хятадын хорих газарт 200 хоригдол коронавирусээр халдварлажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

БНХАУ-ын Шаньдун мужид байрладаг “Жэньчэн” хорих газарт ял эдэлж байсан 200 хоригдол, Аюулгүй байдлын албаны долоон алба хаагч шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.

Энэ сарын 20-ны байдлаар хорих ангийн нутаг дэвсгэрт коронавирусийн сорил авсан бөгөөд 207 хүнээс коронавирус илэрчээ. Шинжилгээнд нийт 2077 хүнийг хамруулсан байна. Халдвар авсан хоригдлуудыг тусгаарлаж, эмчилгээ хийж эхэлжээ.

Тус мужийн Засгийн газрын мэдээлснээр энэ сарын эхээр хорих газрын хамгаалагчдад ханиалгах шинж тэмдэг илэрч, 12-нд аюулгүй байдлын албаны нэг алба хаагч хүчтэй ханиалгаж байсан тул хорио цээрт оруулжээ.

Маргааш нь буюу 13-нд түүний шинжилгээ эерэг гарсан байна.

Үүний дараа хорих газрын удирдлага болон мужийн эрх баригчид “Жэньчэн” хорих газарт халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан ч нэгэнт оройтсон байжээ. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Шаньдун мужийн Хууль зүйн газрын дарга Зэ Вэйзюньийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top