Японы Ёкохама хотын боомтод карантилагдсан “Diamond Princess” усан онгоцноос нүүлгэн шилжүүлсэн АНУ-ын 11 иргэнээс коронавирус илэрчээ. Нийт 13 зорчигч АНУ-ын Небраскагийн их сургуулийн эрүүл мэндийн төвд тусгаарлагдаад байгаа юм. Ихэнх халдвар авсан хүмүүст өвчний шинж тэмдэг огт ирлээгүй гэнэ.
АНУ-ын эрх баригчид өнгөрсөн даваа гарагт тус хөлөг онгоц дээр хорио цээрт ороод байсан өөрийн 340 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн. АНУ-д хүрэлцэн ирсэн даруйд тэднийг 14 хоногийг карантинд оруулжээ. Хөлөг онгоц дээр байсан АНУ-ын 40 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд тэд Японы эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Нисэх онгоцны буудал руу явах замд нэмж 14 иргэнээс коронавирус илэрсэн бөгөөд тэднийг нүүлгэн шилжүүлэлтийг гүйцэтгэж байсан онгоцоор тусгай бүсэд бусад зорчигчдоос тусгаарлан тээвэрлэжээ.
Өнөөдөр /2020.02.21/ тус хөлөг онгоцноос гуравдугаар ээлжийн зорчигчдыг буулгаж байна. Сүүлийн хоёр хоногт нийт 700 орчим зорчигчийг онгоцноос буулгасан бөгөөд нэг өрөөнд халдвар авсан хүмүүстэй хамт байсан зорчигчдыг дахин 14 хоног хөлөг дээр үлдээхээр болжээ.
Өнөөдөр 450 орчим зорчигчийг буулгах аж. Хөлөг дээр мөн хөлгийн багийн гишүүд үлдэж байгаа бөгөөд тэднийг буулгах эсэх асуудлыг Японы засгийн газар хөлөг онгоцыг эзэмшигч компанийн удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр шийдэх гэнэ.
Усан онгоц дээр хорио цээрийн наад захын дүрэм, нөхцөлийг хангаагүй гэх мэдээлэл гарсны дараа Филиппин улс өөрийн 530 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ. Тэд бүгд хөлгийн багийн гишүүд юм.
Есөн улс орон Япон руу зорчих урсгалыг хязгаарлахыг уриалжээ. Микронез, Тонга, Самоа, Израил, Кирибати, Соломоны арлууд, БНСУ, Тайланд, Бутан зэрэг улс шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээд буй Япон зэрэг улс орнууд руу зорчихыг хязгаарлахыг уриалсан байна. АНУ, Тайвань тус улсад зорчихдоо болгоомж, сэрэмжтэй байхыг зөвлөжээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Япон улсад нийт 728 хүн коронавирусийн халдвар аваад байна. Тэдний 634 нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигч, багийн гишүүд юм. Хөлөг онгоц дээр халдвар авсан хүмүүсээс хоёр нь нас баржээ.
-Японы Хоккайдо мужид коронавирусээр халдварласан гурван тохиолдол бүртгэгджээ. Тэдний хоёр нь Нака-Фурано тосгоны бага сургуульд суралцдаг ах, пүү хоёр гэнэ. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн, эдгэрч байгаа аж. Гурав дахь халдвар авсан хүн нь Саппорогийн нисэх онгоцны буудлын хорио цээрийн албанд ажилладаг 40 настай эмэгтэй аж.
Сэтгэгдэл ( 0 )