Японы Ёкохама хотын боомт дахь “Diamond Princess” аяллын усан онгоц дээр халдвар авсан хүний тоо 621 болж, хоёр хүн нас баржээ. Японы эрүүл мэндийн яамны мэдээлснээр ихэнх өвчтөнүүдэд өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
Лхагва гарагт /2020.02.19/ тус хөлөг дээр тогтоосон хорио цээрийн хугацаа дуусаж, эхний ээлжийн 500 зорчигчийг буулгасан. Коронавирусийн шинжилгээ 607 хүн өгснөөс 67 хүнээс вирусийн халдвар нэмж илэрчээ. Тэднээс 68-д нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Халдвар авсан нийт зорчигчдоос 322 хүнд өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэсэн мэдээлэл ирлээ.
Өдгөө тус хөлөг дээр байсан зорчигч, хөлгийн багийн гишүүн болох нийт 3700 хүнээс хоёр мянга гаруй нь үлдээд байна. Халдвар авсан зорчигчдыг орон нутгийн эмнэлгүүдэд эмчилж байгаа юм.
Тус хөлөг онгоц дээр ажиллаад ирсэн Японы халдварт өвчин судлаач, Кобегийн их сургуулийн Профессор Ивата Кэнтаро хөлөг онгоц дээрх нөхцөлд байдлыг Африкт эбола өвчин дэгдэх үед үүссэн нөхцөл байдлаас ч “аймшигтай” хэмээн дүгнэжээ.
Энэ талаар олон нийтэд хандсан түүний дүрс бичлэгийг 800 мянган хүн үзсэн бөгөөд Засгийн газрын хэмжээнд хэлэлцэхэд хүрсэн байна.
Эмчийг халдварт өвчин судлаачийн хувиар тус хөлөг дээр ажиллахыг урьж авчирсан ч төд удалгүй онгоцыг орхихыг хүссэн юм.
20 жилийн турш халдварт өвчний судалгаа хийж байгаа Ивата Кэнтаро эмч эбола өвчин дэгдэхэд Африкт, SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчний үед Хятад улсад ажиллаж байсан туршлагатай.
Профессор Ивата Кэнтаро халдварт өвчин дэгдсэн үед аюул үргэлж байдгийг мэддэг мэргэжлийн хүний хувьд Африк, Хятад улсад ажиллаж байхдаа өөрийгөө хэрхэн хамгаалах арга замыг мэдэх тул айж байгаагүй гээд харин “Diamond Princess” хөлөг онгоц дээр жинхэнэ айдсыг мэдэрсэн гэж учирлажээ.
Тэнд халдвар авахад гайхах зүйл байгаагүй гэж Ивата Кэнтаро ярьсан байна.
Халдварын бүсийг тархалтыг хязгаарлахын тулд “улаан бүс”, “ногоон бүс” гэж халдварын аюулаас шалтгаалан хуваадаг байжээ.
“Энэ бол бидний ажлын “төмөр” зарчим. Гэтэл тус хөлөг дээр “ногоон”, “улаан” бүс холилдож, хаана аюултай, хаана аюулгүй болох нь тодорхойгүй байсан” гэж ярьжээ.
Түүний хэлснээр хөлөг онгоцоор хамгаалалтын хувцастай, амны хаалттай, амны хаалтгүй гээд төрөл бүрийн хүмүүс холхилдож байсан гэнэ. Халуунтай хүн чөлөөтэй өрөөнөөсөө гарч, хөлгийн хаана ч хүссэнээрээ алхаж, эмнэлгийн цэгт хүрдэг байж. Энд тэндгүй энгийн үзэгдэл мэт нөхцөл байдал өрнөж байна гэж Ивата эмч анхааруулж байна. Ийм нөхцөлд ажиллаж буй мэргэжилтнүүд ч тэр, эмч нар ч тэр халдварлана гэсэн айдастай байх тодорхой гэж тэрбээр онцолжээ.
Өөрийгөө сайн дурын үндсэн дээр тусгаарлаад буй эмчийн хэлснээр хөлөг дээр халдварт өвчнөөр дагнасан нэг ч мэргэжилтэн тогтмол ажиллахгүй байгаа бөгөөд эрүүл мэндийн яамны түшмэлүүд бүхнийг зохион байгуулж байгаа аж.
Ивата Кэнтаро эрүүл мэндийн яамны төлөөлөгчид болон хөлөг дээр ажиллаж буй эмч нарт энэ талаар сануулахад түүний хөлөг дээр ажиллах зөвшөөрлийг цуцалж, хөлгийг орхин явахыг хүссэн гэнэ. Тэрбээр хөлөг дээр олон улсын мэргэжилтнүүдийг ирж, нөхцөл байдлыг хянахыг хүсэж буйгаа илэрхийлээд бодит байдлыг хүмүүст анхааруулах үүднээс хүргэж буйгаа учирлажээ.
Японы эрх баригчдын шийдвэрийн дагуу, хөлөг онгоцноос буусан зорчигчид нийтийн тээврээр зорчиж болох бөгөөд ямар нэгэн хязгаарлалт тавиагүй байна. Энэ үеэр АНУ-ын Өвчлөлийн хяналт, урьдчилан сэргийлэх төв тус усан онгоцноос буусан зорчигчдод энгийн онгоцоор АНУ-д ирэхийг хориглож, 14 хоногийн давтан карантинд оруулах шийдвэр гаргасан байна.
Өчигдөр /2020.02.19/ тус хөлгөөс эхний 500 хүнийг гаргасан бөгөөд тэд гэр гэртээ харьцгаажээ.
Сэтгэгдэл ( 3 )
manaixan chin xarin sain zoxion baiguulalttai bga yum bishuu
Сүйрүүлэх төлөвлөгөөтэй юм шиг санагдчихлаа. Аймаар юм бэ. Уншихад л бие арзайж ТИТАНИК ч бодогдох шиг
Анх бүтээгдээд усанд тавихын өмнө шатаж байсан энэ хөлөг онгоц. Түймэр унтрааснаас хойш 1 жил гаруй засаад Америк руу анхны аялалаа хийлээ гэж байсан 550 сая долларын өртгөөр бүтсэн гэж байгаа. Аргагүй л муу энергитэй юм байна. \n