Францад коронавирусээр халдварлагсад бүгд эдгэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 25

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр нийт 80130 хүн халдварласнаас эх газрын Хятад улсад 77658 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн нэг хоногт Хубэй мужаас гадна шинэ тохиолдол ес бүртгэгдсэн бол эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 27471 хүрч, сүүлийн 13 хоног дараалан хоногт нэг гаруй мянгаар нэмэгдэж байна. Өнгөрсөн нэг хоногт Хятад улсад 508 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 499 нь Хубэй мужид илэрчээ. Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 2700 хүрснээс Хятад улсад 2663, БНСУ-д 8, Иранд 12, Италид 7, “Diamond Princess” хөлөг онгоц дээр 4 тохиолдол бүртгэгдээд байна.

-Дэхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, Хятад улсын нутаг дэвсгэрээс гадна шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нийт 2069 тохиолдол дэлхийн 29 оронд бүртгэгдэж, сүүлийн нэг хоногт 300-аар нэмэгджээ. Нас барсан хүний тоо 23 болсноос сүүлийн нэг хоногт халдварын улмаас зургаан хүн нас баржээ.

-Хятадын Тяньжиний их сургуулийн хэсэг эрдэмтэд шинэ төрлийн коронавирусийн эсрэг уудаг вакцин гаргаж авсан тухай мэдээлжээ. Эрдэмтдийн багийн ахлагч Хуан Жиньхай энэхүү вакциныг өөрөө хэрэглэж үзсэн бөгөөд ямар нэгэн гаж сөрөг нөлөөлөл илрээгүй байна. Уудаг вакцины давуу тал нь аюулгүй, хэрэглэхэд хялбар, хурдан үйлдвэрлэх боломжтойгоос гадна ийм төрлийн вакцин хүний салст бүрхэвчийн дархлааг идэвхжүүлж, хүний биеийн дархлааны тэсвэртэй байдлыг зохицуулдаг байна.

-Францын эрүүл мэндийн сайд Оливье Вераны мэдээлснээр,  тус улсад шинэ төрлийн коронавирусээр халдварласан бүх өвчтөн бүрэн эдгэрчээ. ДЭМБ-ын мэдээллээр, ус улсад халдварын 12  тохиолдол бүртгэгдсэнээс нэг өвчтөн нас баржээ.

-Хорио цээрт орсон “Diamond Princess” аяллын хөлөг онгоц дээр буй Украины иргэд эх орондоо буцахаас татгалзжээ. Төс хөлөг дээр Украины 25 иргэн байгаа бөгөөд тэд бүгд хөлөг онгоцны багийн гишүүд юм. Тэдний эрх үүргийг гэрээгээр зохицуулж, мөн хүсэлтийг нь харгалзан үздэг байна. Одоогоор тэдний 24 эх орондоо буцахаас татгалзсан бол нэгтэй нь тус улсын ГХЯ-ны Консулын албаныхан холбоо тогтоохоор ажиллаж байгаа аж.

-Бахрейны иргэний агаарын тээврийн газар Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай болон Шаржи олон улсын нисэх онгоцны буудлаас ирэж буй онгоцнуудыг 48 цагийн туршид хүлээн авахаас татгалзжээ. Бахрейн улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол илрээд байгаа бөгөөд өвчтөн Иранаас ирсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ъюмда(66.181.186.70) 2020 оны 02 сарын 25

Хэрвээ тийм бол уучлаарай энэ вирус хятадаас үйссэн гэж үү

0  |  0
Top