Энэтхэг: Коронавирустэй иргэн хүүхдүүдэд халдвар тараасан байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны өгсөн чиглэлийн дагуу Нойда хотын сургуулийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна. Учир нь өчигдөр /2020.03.03/ коронавирусний халдвар авсан гэж оношлогдсон Шинэ Дели хотын харьяат иргэн олон арван хүүхдэд халдвар тараасан байж магадгүй нөхцөл байдал үүсжээ.  

Дээрх өвчтөн Эрүүл мэндийн яамны асуумжид “Өнгөрсөн баасан гарагт /2020.02.28/ Нойда хотын “One Hamlet” хотхонд болсон баярын үдэшлэгт оролцсон. Оролцогсдын дийлэнх нь Нойда хотын сургуулийн багш, ажилтнууд байсан” гэж мэдүүлжээ.

Тухайн үед баярын үдэшлэгт тус хотын дунд сургуулийн багш нар болон олон нийттэй харилцдаг хэд хэдэн ажилтан оролцсон байна.

Байдал ээдрээтэй болсон тул дээрх асуумжид үндэслэн хамт байсан иргэдтэй холбоо тогтоон, 14 хоногийн хугацаанд бусдаас өөрийгөө тусгаарлахыг зөвлөжээ.

Нойда хотын “Sriram Millennium” цогцолбор сургуулийн удирдлагууд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор долоо хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоосон байна. 

Үдэшлэгт хамт оролцсон хүмүүсийн шинжилгээний хариу маргааш гарах аж.

Энэтхэгийн эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өчигдөр Шинэ Дели болон Телангана мужийн харьяат хоёр иргэнээс “Ковид-19” вирус илэрсэн ба өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусний халдварын зургаан тохиолдол бүртгэгдээд байна.

Эх сурвалж: The Times of India

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top