Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчин улирлын томуутай төстэй шинж чанартай ч ихээхэн ялгаатай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ хоёр өвчнийг хэрхэн ялгах тухай тайлбарлан, мэдээлжээ. Тус хоёр өвчин хоёул амьсгалын эрхтнийг өвчлүүлдэг ба хөнгөн ба үхэлд хүргэх хүртэл хүнд хэлбэрээр илэрдэг байна. Хоёрт, ихэнх вирусийн халдвар агаар дуслын зам болон өвчин үүсгэгч бичил биетийг агуулсан эд зүйлсээр дамжин тархдаг. Тиймээс гараа тогтмол угаах, ханиахдаа амаа таглах зэрэг хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сайтар сахих нь туйлын чухал болохыг шинжээчид анхааруулж байна.
Шинэ төрлийн коронавирус, улирлын томууны вирус хоёр ихээхэн ялгаатай аж. Тухайлбал, халдварын тархалтын хурд өөр бөгөөд томууны вирусний далд үе болон дараагийн халдвар авах хугацаа харьцангуй богино байдаг байна. Энэ нь гурав орчим хоног байдаг бол шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчлөлийн далд үе дунджаар 5-6 хоног байдаг аж. Томууны үед вирус өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө халдварладаг бол ДЭМБ-ын мэдээллээр, коронавирус ямар нэгэн шинж тэмдэггүй халдварлах нь өвчин тархах хүчин зүйлс болдоггүй байна. Шинэ төрлийн коронавирусний халдвар авсан нэг хүнээс дунджаар 2-2.5 хүнд халдварладаг бол томуутай харьцуулахад бага байна.
Томууны халдвар дамжуулагч гол эх үүсвэрүүдийн нэг нь хүүхэд байдаг бол коронавирусний хувьд хүүхдүүд насанд хүрсэн хүмүүсийг бодвол бага халдварладаг. Хятадын талын мэдээллээр, хүүхдүүд насанд хүрсэн хүнээс илүү халдвар авдаг бол насанд хүрсэн хүн хүүхдээс халдвар авах нь бага тохиодог аж.
Эл хоёр өвчний шинж тэмдэг төстэй ч хоруу чанар нь өөр өөр байна. Шинэ төрлийн коронавирусээр халдварласан тохиолдлын 15 хувь нь хүнд, тав хувь нь маш хүнд хэлбэрээр илэрдэг бол томууны хувьд энэ нь харьцангуй бага байдаг аж. Нас баралтын түвшин мөн коронавирусний халдварын тохиолдолд 3-4 хувьтай байгаа нь улирлын томууг бодвол харьцангуй өндөр байна.
Одоогоор дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусний эсрэг 20 вакцин болон хэд хэдэн эм, эмнэлгийн хэрэгслийг гаргаж байгаа боловч аль нь ч албан ёсны зөвшөөрөл аваагүй байна. Харин улирлын томууны эсрэг вакцин бий. Дэлхийн эрүл мэндийн байгууллага жил тутам томууны эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )