Б.Энх-Амгалан: ОХУ-аас гадаадын нэг ч иргэнийг нэвтрүүлэхгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 2-ны өдөр Монгол Улсад ирсэн Франц улсын иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрч, шинжилгээний хариу эерэг гараад байна. Дээрх тохиолдолтой холбогдуулан Улсын онцгой комисс өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр дахин хуралдлаа. 

Зам тээврийн хөгжлийн сайд  Б.Энх-Амгалан “Монгол Улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хөдөлгөөн хязгаарлах, зогсоох шийдвэрүүд гарлаа. 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас гуравдугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл, олон улсын нислэг, галт тэрэгний хөдөлгөөн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Онцгой комиссын шийдвэр гарах үед замд явсан иргэдийг тухайн цэгт хүрэх зөвшөөрлийг олгосон. Үүнээс хойш цагдаагийн байгууллага үүрэг өгч аймаг орон нутаг болон Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарласан.

Монгол Улс, ОХУ-тай хиллэх автозамын боомтуудаар ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас манай улс руу зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийг 2020 оны 3-р сарын 11-ний өдрөөс мөн сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд нэвтрүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, гаднын иргэн Монгол Улс руу нэвтрэхгүй, монголчууд гадагшаа гарахгүй гэсэн үг. Төмөр замын тухайд ачаа тээвэр хэвийн явагдаж байгаа. Харин хүн тээвэр явахгүй байгаа. Агаарын тээврийн тухайд Монгол Улс, ОХУ, БНТУ, Казакстан улс хоорондын хоёр талын хуваарьт нислэгүүдийг 2020 оны 3-р сарын 13-ны өглөөний 06.30-аас гуравдугаар сарын 3-р сарын 28-ны өдрийг дуусах хүртэл түр зогсоохоор шийдвэрлэлээ” гэв.

Top