Б.Энхтүвшин: Бид бэлэн байдлаа хангасан байгаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 2-ны өдөр Монгол Улсад ирсэн Франц улсын иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрч, шинжилгээний хариу эерэг гараад байна. Дээрх тохиолдолтой холбогдуулан Улсын онцгой комисс өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр дахин хуралдлаа.


Энэ үеэр Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Өнөөдөр Улсын онцгой комиссын арав дахь хуралдаан болсон. Үүний дараа Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж тодорхой чиглэлүүдийг гаргасан байна. Улсын онцгой комиссын 11 дэх хуралдаан болж хэд хэдэн шийдвэр гаргалаа. Юуны түрүүнд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан анхдагч болон хоёрдагч хавьтагч нарыг илрүүлэн, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, тусгаарлах шийдвэр гарсан байна. Хоёрдугаарт Улаанбаатар хотоос гарах болон орох хөдөлгөөнийг түр зогсоохоор болсон. Мөн олон улсын нислэг болон төмөр замын хөдөлгөөнийг зогсоох тухай тус тус шийдвэрүүд гарлаа. Албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Цаашид нөхцөл байдалтай уялдуулан дараагийн шатны бүх нийтийн бэлэн байдлыг зарлах эсэх тухай яригдана. Нэгдүгээрт, тайван байцгаая. Бид бэлэн байдлаа хангасан байгаа. Ороод ирсэн байна. Тийм учраас цаашдаа хариуцлагатай байх, тайван байх нь төрийн байгууллагын болон иргэн бүрийн үүрэг гэдгийг хэлмээр байна”

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бидэнд байгаа мэдээллээр тухайн иргэнийг Франц улсын Марсель хотод байхад халдварын тохиолдол бүртгэгдэж байсан байна. Францын иргэнийг Монгол улсад оруулсан тухайд бол ДЭМБ-аас БНХАУ, БНСУ, Япон, Иран, Ирак гэсэн таван орныг голомт гэж үзэн дээрх орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлан, ажиглалтад авч байсан. Бусад орнуудын тухайд халдвар голомтлон гарсан орнуудын тоонд оруулаагүй байсан. Франц иргэнийг гуравдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсад ирэхэд халууныг нь үзэхэд хэвийн байсан учраас тухайн үеийн журмын дагуу Монгол Улс руу нэвтрүүлсэн. Түүнчлэн гаднын экспертүүд дээрх иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн. Одоо ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна. Англи улсын иргэний тухайд шинжилгээнд хамруулсан байгаа. Сорьцоос авсан шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Шинжилгээний хариу хэрхэн яаж гарснаас шалтгаалаад гадаад улсаас зөөвөрлөгдөн ирсэн вирус монгол иргэнд халдварласан уу үгүй юу гэдэг нь тодорхой болно. Харин Франц иргэний тухайд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах кемпэд тусгаарласан. Өвчтөн гурван өдөр халуурсан. Биеийн байдал нь сайн гэж хэлэх боломжгүй. Албанаас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Түүнчлэн Улсын онцгой комиссын 11 дэх удаагийн хурлаар 3-5 насны гурваас дээш хүүхэдтэй эхчүүдийг 3-р сарын 30-ны өдрийг хүртэл цахимаар ажлаа хийх эсвэл хүүхдээ харж цалинтай чөлөө олгох шийдвэр гарсан” гэлээ.

Top