Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өгч байна.
Гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дэлхийн таван оронд өвчлөл шинээр бүртгэгдэж, нийт 109 улсад 113 702 хүн коронавирусний халдвартай байна. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд 203 хүн коронавирусээр нас барж, нийт нас баралт 4012 болжээ.
Өвчлөлийн голомт болох БНХАУ-ын тухайд сүүлийн 24 цагийн дотор 17 хүн нас барсан нь Хубэй мужид бүртгэгджээ.
Коронавирусний халдвар БНСУ, Япон, Итали, Иранд голомтлон эрчтэй тархаж байна. АНУ-д ч халдварын тархалт эрчтэй нэмэгдэж байна.
Япон улсад сүүлийн 24 цагийн байдлаар 59 тохиолдол шинээр бүртгэгджээ. Түүнчлэн халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас соёл, спорт гэхчлэн бүхий л арга хэмжээнүүдийг цуцлаад байна.
ДЭМБ-аас өгч буй мэдээллээр коронавирусний халдвар дэлхийн хэмжээнд тархаж ЦАР ТАХЛЫН хэмжээнд хүрэхэд ойр байгаа ч дэлхий нийт хяналтандаа авч чадах цар тахал байхаар байна гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
Мөн коронавирустэй холбоотойгоор хэн нэгнийгээ ялгаварлан гадуурхахгүй, эв нэгдэлтэй байх нь хамгийн чухал байна гэж ДЭМБ-ийн төлөөлөгч мэдэгдлээ.
БНСУ-ын тухайд хавьтлын судалгааг маш сайн хийж байгаа. 180 мянган иргэнд лабораторийн шинжилгээ хийхэд 10 хувьд нь халдвар илэрсэн.
Итали улсад халдварын тохиолдол 10 мянга давж, 631 хүн нас барлаа.
Иран улсад нийт тохиолдол 595 болсон.
Нийт тохиолдлын 93 хувь нь дээр дурдсан дөрвөн улсад бүртгэгдээд байна.