"Франц иргэнтэй I хавьталд орсон 98 хүний 23-ынх нь хариу сөрөг гарсан"

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өглөө. /2020.03.11/

Энэ үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа.
 

  • “2020 оны гуравдугаар сарын 9-ний өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан.
     
  • 2020 оны гуравдугаар сарын 10-нд шинэ коронавирусний халдвар авсан ирэнтэй ойрын нэгдүгээр зэргийн хавьталд орсон 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Урьдчилсан байдлаар 23 иргэний лабораторийн хариу гарсан. Эдгээр иргэдээс шинэ коронавирусний халдвар илрээгүй.
     
  • 2020 оны гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д дөрвөн сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан” гэлээ.

Шинэ коронавирусний халдвартай Франц улсын иргэнтэй хамт Монгол Улсад ажилласан ДЭМБ-ын зөвлөх багийн зургаан ажилтан нэг онгоцоор ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус зөвлөх багийн ажилтнууд ирсэн даруйдаа УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан юм.

Тэгвэл ДЭМБ-ын зөвлөх багийн ажилтнууд болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ДЭМБ-ын зөвлөхүүд Монголд ирж ажилласан. Өөр бусад улсад ч багууд очиж ажиллаж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх багийн ажилчид өөрсдөө өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд учраас өдөр бүр өөрсдийнхөө халуунаа хэмжиж, биеийн байдлаа хянаж байгаа. Тиймээс бусдын тусламжийг авчихаад дараа нь муулах нь монгол хүний ёс жудаг биш.

Тэдгээр мэргэжилтнүүд эхний шинжилгээнд орсон, хариу нь СӨРӨГ буюу шинэ коронавирусний халдвар илрээгүй. Онцгой байдлын шийдвэр гарсан бөгөөд сүүлийн онгоц өнөөдөр өглөө ниссэн. Тэд тусламжаа амжилттай үзүүлж, үүргээ гүйцэтгээд буцлаа. ДЭМБ-аас өгөөмөр хандсанд нь талархах ёстой. Гурван чиглэлээр зөвлөгөө өгсөн нь үр дүнгээ өгсөн. Тиймээс тусламжийн гараа хүнд нөхцөлд тусламжийн гараа сунгасан хүмүүст талархах хэрэгтэй" гэв.

Top