Шатахууны хилийн үнэ 58-86 ам.доллараар буурчээ
Өчигдрийг шатахуун түгээгүүр дээр дараалал үүсгэж өнгөрүүлсэн иргэд шатав бололтой. Учир нь шатахууны импортлогч компаниуд сүүлийн үед үндэслэлгүй үнэтэй шатахуун борлуулж буйг ШӨХТГ-ын шалгалтаар тогтоосон талаар мэдээ ирэв. ОХУ-ын “Роснефть” компаниас Монголд нийлүүлсэн АИ-80 төрлийн шатахууны хилийн үнэ гуравдугаар сард 539, АИ-92 төрлийнх 569, дизель түлш 566 ам.доллар болж өнгөрсөн хоёрдугаар сарынхаас огцом буурчээ. Бүр тодруулбал, АИ-80 болон АИ-92 төрлийн шатахуун тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллараар хямдарсан байна. Тиймээс Хамтарсан зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу хот хөдөө харгалзахгүй үнээ бууруулахыг шатахуун импортлогч компаниудаас шаарджээ. Шаардлагыг энэ сарын 23-ны дотор биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүсэлтээ салбарын яаманд хүргүүлэхээ тус газраас мэдэгдэв.
Уг нь шатахууны тарифыг “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн хурлаар тохирдог. Гэвч хэлбэр төдий шийдвэр гаргадаг зөвлөл бөгөөд шатахууны компаниуд зөвшилцөлгүй шатахууны үнийг хөөрөгдөж ирснийг өнгөрсөнд болон өнөөдөр бид харж байна. Тэгээд ч бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнэ тариф өсөхөд шатахууны үнэ онцгой нөлөөлдөг учраас импортлогч компаниуд дур мэдэн үнээ тогтоохыг Өрсөлдөөний тухай хуулиар хязгаарласан байдаг. Ялангуяа эдийн засаг хүнд байгаа өнөө үед Засгийн газар шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр удаа дараа зохицуулалт хийсээр байтал үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмэгдүүлж байгааг олон нийтийн зүгээс шүүмжилж байна. Харин энэ мэдээлэл хүрээгүй хэсэг нь коронагийн дуулианаар шатахуун түгээгүүрийн гадаа олон цаг оочерлож, харьцангуй үнэтэй шатахуунаар банкаа дүүргэлээ. Харин шатахууны ченжүүд үл тоосоор багагүй ашиг хийгээд өнгөрөв. Манай дотоодын зах зээл дээр шатахууны үнэ буурахад ОХУ-аас нийлүүлж буй хилийн үнэ, хилийн үнийг тогтоодог дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийн цаашдын төлөвийг авч үзэх шаардлагатай. Монгол Улсын нийт шатахууны хэрэгцээний 60 хувийг уул уурхайд ашигладаг дизель түлш эзэлдэг. Үлдсэн 40 хувийг нь жижиглэнгийн худалдаа буюу иргэд, аж ахуйн нэгжүүд өдөр тутмын хэрэгцээндээ зориулан худалдаж авч байгаа шатахуун эзэлж байна. Тиймээс Засгийн газар хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 төрлийн шатахууны Онцгой албан татварыг тэглэх арга хэмжээ авсан ч олон улсын зах зээл дээр газрын тос болон дотоодын валютын ханшийн өсөлт өнгөрсөн хугацаанд боломж олгоогүй.
Дэлхийг бүрхээд буй шинэ төрлийн коронавирусний нөлөөгөөр уналт үзүүлэх болсон газрын тосны ханш сүүлийн хэд хоногт бүр шалдаа буулаа. Орос, Саудын Араб зэрэг газрын тосны гигантуудын сөргөлдөөнөөс үүдэн олон улсын зах зээл дээр сар орчмын өмнө 60 орчим ам.долларын ханштай байсан баррел газрын тос (158.9873 литр) 30 ам.доллараас ч доош орж, эрчимтэй буурах хандлагатай болоод байна. Гэтэл олон улсын биржийн жишиг үнээр ОХУ-аас шатахуунаа худалдаж авдаг манай улсад энэ удаад ч дэлхийн чиг хандлага үйлчлэх өнгөрөх шинжтэй. Ер нь шатахуун импортлогчдын зүгээс ам.долларын ханшийн өсөлтөд дөрөөлөн үнээ бууруулахаас зайлсхийх болсон. Тэд ам.долларын ханшид 100 орчим төгрөгийн хэлбэлзэл үүсэхэд нэг литр шатахууны үнэд 60-70 төгрөгийн савлагаа үүсдэг гэх судалгааг өмнөө барьж тайлбарладаг. Тэгвэл сүүлийн зургаан сарын хугацаанд ам.долларын ханш харьцангуй тогтвортой байлаа. Өчигдөр АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны үнэ буурах талаар мэдээлэл тараана лээ. Тэрбээр “Иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ92 бензин тонн тутамдаа 58 доллараар бууж орж ирсэн байгаа. Литрийн үнийг нэгж үнэд шилжүүлэхэд нэг литр дээр 120-130 төгрөгийн бууралт ажиглагдана. Гэвч долларын ханшийн зөрүү өнгөрсөн жилийнхтэй тооцогдоод явахад 80 орчим төгрөгийн зөрүү шууд тусаж байгаа. Тэгэхээр үлдсэн 40-50 төгрөгийн үнийн зөрүүг бид буулгана. Тодорхой хэмжээний 3 сарын бүтээгдэхүүн дээр үнийн бууралт хийнэ. Ямар ч байсан 1830 гэдэг үнэ 30-40 төгрөгөөр буурах нөхцөл байдал үүснэ” хэмээсэн.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Шатахууны үнийг тогтвортой барих ёстой. Өмнөх Засгийн газрын сайд нар үүсмэл арилжаа буюу хэджинг асуудлыг байнга хойш тавьж ирсэн. Засгийн газар анх удаа шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд үүсмэл арилжааг нэвтрүүлж байна.
Шатахууны үнэ бүх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг. Үүнийг тогтвортой хадгалж чадахгүй бол ард иргэдийн нуруун дээр ачааны хүнд буудаг. Үүсмэл арилжаагаар шатахууны үнийг барих эхний алхам амжилттай болсон. Сингапурын BDO интернэшнл гэдэг компанитай 71 ам.доллараар гэрээлсэн. Газрын тосны ханш түүнээс дээшээ гарвал, зөрүүг нь BDO интернэшнл манай импортлогч компаниудад нөхөж өгнө. Хэрэв ханш 71 ам.доллараас доошоо буувал дагаад бууруулна. Энэ бол зөвхөн АИ-92 төрлийн шатахуун дээр авч буй арга хэмжээ. Нийтдээ 200 орчим мянган тонн буюу Монгол Улсын хагас жилийн хэрэгцээг хангах хэмжээтэй шатахууны арилжаанд хэджинг хийнэ. Өмнөх сайд нар яагаад энэ ажлыг хийдэггүй байсан юм бэ гэдэг дээр эргэлзээ байгаа. Ард иргэдийнхээ нуруун дээр ачааг хөнгөлнө гэдгийг тооцож байсан юм уу гэдэг үүднээс өнөөдөр энэ асуудлыг хариуцаж байгаа сайдын хувьд эргэлзээ төрж байна. Монголын төр шатахууны компаниудын шахалтад орж явна гэж байхгүй. Засгийн газрын хуралдаанаар газрын тосны үйлдвэрийн худалдаа эрхлэх охин компани байгуулах шийдвэр гарсан. Энэ компани үнэ тогтворжуулах, олон улсын зах зээл дээрх хэлбэлзлээс үүдэхгүйгээр хангамжийг сайжруулах зэрэг үйл ажиллагаа эрхлэх юм. Тиймээс ОХУ-ын “Роснефть”-тэй хамтарсан компанийг байгуулахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэж мэдэгдсэн удаатай.
Сэтгэгдэл ( 2 )
vnee buulgaachew
neg l shatahuun 159 tug buurah yum bn