УИХ-ын Тамгын газар зайнаас ажиллах ТУСГАЙ ГОРИМД шилжлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11


Монгол Улсын нутаг дэвсгэрт коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын удирдлага, Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

ЗАЙНААС БУЮУ ОНЛАЙНААР АЖИЛЛУУЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар Улсын Их Хурлын Тамгын газрын 12 хүртэл насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн ажилтнуудыг гуравдугаар сарын 10-наас эхлэн гэрээсээ буюу онлайнаар ажлаа гүйцэтгэх боломж олгож, ажлын үр дүнг тооцож ажиллахыг нэгжийн дарга нарт үүрэг болголоо.

Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газраас өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд ажиллах төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна.
 


БАЙНГЫН ХОРОО, АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН ТАСАЛДАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

Улсын Их Хурлын чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 05-нд эхлэх учиртай. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд олон томоохон хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах юм. Төрийн байгуулалтын байнгын хороо л гэхэд Улсын Их Хурлын, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай гэх мэт 9 томоохон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг чиг үүргийнхээ хүрээнд эрхлэн гүйцэтгэнэ.

Гэвч корона вирусийн халдвар илэрч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Төрийн ордонд Улсын Онцгой Комиссын хурлаас өөр хурал, зөвлөгөөн хийхийг түр хориглосон билээ. Үүнтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаан, Ажлын хэсгийн хурал, хэлэлцүүлгүүдийг Төрийн ордноос өөр газар, тухайлбал, Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулах хувилбарыг сонгоод байна.

Түүнчлэн дээрх хурал, хэлэлцүүлгүүдийг цахим программ ашиглан, зайнаас явуулах боломжийг мөн бүрдүүлж байгаа юм. Улсын Их Хурлын удирдлага, гишүүд эдгээр хувилбаруудыг бүрэн дэмжиж, хуралдаануудаа хийхээр бэлтгэж эхэлжээ.

ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТНУУД ЦАЛИНГААСАА ХАНДИВЛАЛАА

Корона вирусийн халдвараас сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг амжилттай даван туулах үйл ажиллагаанд зориулж Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд цалингаасаа 12.4 сая төгрөгийг Улсын Онцгой Комисст хандивлав.

Хандивыг Улсын Онцгой комиссын дансанд өнөөдөр шилжүүлжээ.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ШИНЖИЛГЭЭ ӨГЧ, ХАРИУ НЬ СӨРӨГ ГАРЧЭЭ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020.03.06-ны өдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчидтэй тэдний хүсэлтээр албан уулзалт хийсэн билээ. “ASB”-гийн төлөөлөгчид “Аэрофлот”-ын онгоцоор ирэхдээ корона вирусийн халдвар илэрсэн Францын иргэнтэй хамт зорчсон  байсан тул өчигдөр (2020.03.10) албан өрөөндөө тусгаарлагдан шинжилгээ өгсөн юм. Өнөө өглөө гарсан шинжилгээний дүнгээр хариу нь “сөрөг” үзүүлэлттэй гарсан байна.      

Эх сурвалж: Parliament.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top