Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхий даяар хурдацтай тархаж байна. Халдвар гарсан улс орны дотроос Итали Улсын нөхцөл байдал хүндрээд байна.
Ялангуяа Монгол Улсын иргэд хамгийн ихээр амьдардаг Италийн Ламборди муж тус улсын хамгийн өндөр тархалттай нутгаар нэрлэгдаж байгаа тул улаан бүсээр тэмдэглэгджээ.
Ламборди муж 10 гаруй сая хүн амтай. Тус мужид өнөөдрийн байдлаар хөл хорио тогтоож, хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад үйлчилгээний газруудыг бүхэлд нь хаажээ.
Тус мужид амьдардаг Монгол Улсын иргэн н.Халиунтай холбогдож, нөхцөл байдлын талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Сайн байна уу? Та Италийн ямар мужид амьдарч байгаа вэ? Сүүлийн хэд хоногт амьдарч байгаа улсад тань шинэ коронависний халдвар нэмэгдсээр байна. Нөхцөл байдал яг ямар байна вэ?
-Сайн. Сайн байна уу? Би Италийн Ламборди мужид амьдардаг. Манай амьдарч байгаа муж Италидаа COVID-19 вирусний халдварын тохиолдлоор хамгийн өндөрт тооцогдож, УЛААН БҮС гэж нэрлэгдсэн. Бидний хувьд Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг ягштал дагаж мөрдөж байгаа.
-Ламборди мужийн эрүүл мэндийн байгууллагаас иргэддээ ямар зөвлөмжүүдийг өгч байна вэ?
-Мэдээж дэлхийн бусад улс орны нэгэн адил гараа тогтмол угааж ариутгах, амны хаалт зүүх гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Үүн дээр нэмэгдээд хүнсний дэлгүүр болон эмийн сангаар үйлчлүүлэхдээ бие биеэсээ нэг метрийн зайтай зогсохыг сануулж байгаа. Мөн энэ хоёр газраас бусад бүх үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон.
-Таны амьдарч байгаа мужаас бусад хотуудад байдал ямар түвшинд байгаа талаар танд мэдээлэл байна уу?
-Ер нь Ламборди мужийн тухайд өнөөдрөөс эхлээд гудамж талбайд хөл хорио тогтоож байна. Гудамжинд хүнсний дэлгүүр болон эмийн сангаар үйлчлүүлэхээс бусдаар гарсан тохиолдолд торгох хүртэл арга хэмжээг авч байна. Мөн хот руу орж, гарах бүх хөдөлгөөнийг хаасан. Бусад том хотууд буюу Ром, Милан зэрэг хотуудад өвчлөл гарсны дараахан иргэд хүнсний бүтээгдэхүүн маш их хэмжээгээр нөөцлөх байдал гарсан тул хүнсний дэлгүүрүүдэд банк шиг дугаар тараан, үйлчлүүлэхээр зохицуулалт хийсэн.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр коронавирусний талаарх цаг үеийн мэдээлэл цацагдаж байгаа юу?
-Вирусний тархалтын талаарх ерөнхий мэдээллийг өгч байгаа. Харин амны хаалт зүүхийг зөвлөхгүй байна. Гараа тогтмол угаах ариутгах гэсэн зөвлөмжийг өгч байна. Италичууд бие биетэйгээ мэндлэхдээ үнсэж мэндэлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалыг өвчлөл намжтал хориглосон, гар барьж мэндлэхийг ч хориглосон. Ямар ч тохиолдолд бие биенээсээ нэг метрийн зайтай байхыг хатуу анхааруулж байгаа. Бусадтай зайнаас харьцахыг хатуу анхааруулж байна гэсэн үг.
-Таны амьдарч байгаа мужид эсвэл Итали Улсад амьдарч байгаа монголчуудын нэгдэл гэж байдаг уу? Тэнд байгаа монголчууд ямар байр суурьтай байгаа бол? Эх орондоо ирэхийг эрмэлзэж байгаа юу?
-Италид амьдардаг монголчуудын фэйсбүүк групп байдаг. Энэ групп харьцангуй тайван байсан. Гэхдээ эх оронд минь халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн өдөр нилээд айсан сэтгэгдлүүд хөвөрсөн. Бид хэдий алс оронд амьдарч, өөр өөрсдийн шалтгаантай энэ улсад байгаа ч гэсэн Монгол Улсад маань коронавусний халдвар битгий илрээсэй дор бүрнээ л хүсдэг байсан.
-Итали Улс яг өнөөдрийн байдлаар халдварт вирусний эсрэг ямар арга хэмжээг авч байна вэ?
-Италид вирусээр өвчилсөн иргэдийн тоо маш хурдан нэмэгдэж байгаа. Италийн Эрүүл мэндийн яамнаас авч байгаа нэг арга хэмжээ бол хүн ам хамгийн ихээр суурьшсан томоохон хотуудад өдөр бүр 10000 иргэнийг албадан шинжилгээнд хамруулж байгаа. Энэ нь нэг талаар өвчилсөн иргэдийн тоог хурдацтай нэмэгдүүлж байгаа ч цаашид халдвар авах эрсдлийг бууруулж, илэрсэн өвчтнүүдийн биеийн байдал гайгүй байгаа дээр нь эмчилгээнд хамрагдах нөхцлийг бүрдүүлж байгаа нэг арга юм уу гэж харж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Коронавирусний эсрэг амны хаалтаа сайн зүүж, гараа байнга ариутган халдвар хамгааллын дэглэмээ сайн бариарай. Амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэн ч гэсэн. Иргэдээ энэ аюултай өвчний үед үнэн зөв мэдээллээр хангаарай.