Энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байгаа билээ.
Дээрх иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч, хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулсан юм.
Эдгээр иргэдийн шинжилгээний хариу гуравдугаар сарын 10-ны оройн 23.45 цагийн орчимд түрүүчээсээ тодорхой болсон.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр "2020 оны гуравдугаар сарын 10-нд шинэ коронавирусний халдвар авсан ирэнтэй ойрын нэгдүгээр зэргийн хавьталд орсон 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Урьдчилсан байдлаар 23 иргэний лабораторийн хариу гарсан. Эдгээр иргэдээс шинэ коронавирусний халдвар илрээгүй" гэсэн мэдээллийг өгч байсан бол дөнгөж сая Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас "Франц иргэнтэй нэгдүгээр хавьтлын 126 иргэний хариу сөрөг буюу ХАЛДВАРГҮЙ гарлаа" гэх мэдээллийг танилцууллаа.
Эдгээр иргэдийг үргэлжлүүлэн тусгаарлаж, журмын дагуу 14 хоног ажиглалтад байлгах юм.
Коронавирус өвчний халдварын шинжилгээ, Монгол Улсын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Коронавирусний халдвартай нь тогтоогдсон франц иргэний ойрын хавьтал болох 126 хүний шинжилгээний хариунаас коронавирус өвчний халдвар илрээгүйг эхэлж мэдэгдье. Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д дөрвөн хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариугаар коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 11-нд мөн найман сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Гуравдугаар сарын 11-нд "Багабаян" амралтад 31, “Бадрах Энержи” компанийн кэмпэд 64, Дархан-Уул аймагт нэг, Дорноговь аймагт 35, Хэнтий аймагт хоёр, Орхон аймагт 11, Хөвсгөл аймагт хоёр, нийт 149 хүнийг ажиглалт, хяналтад аваад байна.
Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирсан. Эмчилгээ хийгдэж байна. Давтан шинжилгээ, нарийн шинжилгээнүүдийг өнөө өглөө авсан. Хамгийн гол нь сэтгэл санаа нь тогтворгүй, санаа зовсон байдалтай байгаа. “Монгол Улсад халдвар тээгээд ирчихлээ. Францад ч намайг Монголд халдвар тараалаа гэж ярьж байна" гэх зэргээр санаа нь зовж, өөрийгөө буруутгаж, сэтгэл нь тавгүй байна.
Эмчлэгч эмч нь зөвхөн хувь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй биш агаар дуслын замаар дамждаг халдвар тул тайван байх ёстой гэдгийг зөвлөж байгаа. Хүний сэтгэл санаа тайван байх нь тархлалыг бууруулдаг. Түүнд сэтгэлээ санааны болон бусад эмчилгээг хавсарч хийнэ. Манай эмчилгээ, үйлчилгээ, эмчид итгэж байгаагаа хэлсэн. Эмчийн хандлагад эерэг хариу өгч байгаа нь сэтгэл санааг нь тогтворжуулж, эмчилгээнд эерэгээр нөлөөлнө. Анх кемпэд тусгаарлахад үл тоож байсан бол одоо эмчтэйгээ ойлголцож, харилцаа хандлага нь өөрчлөгдсөн” гэсэн мэдээлэл өглөө.