SOS: Амны хаалтгүй өвчтөн автобусанд ХАЛДВАР ТАРААСАН зураглал

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12


КОВИД-19 өвчлөлийг үүсгэдэг шинэ төрлийн коронавирус битүү орчинд агаарт 30 хүртэл минут амьдарч, 4.5 метр зайд тархах чадвартай болохыг судлан тогтоожээ. 

"Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон “Аюулгүй зай” буюу хоёр метрийн зайнаас хол тархах аюултайг илтгэж байна" гэж судалгаа хийсэн Хятадын халдварт өвчин судлаачид анхаарууллаа.

Хятадын South China Morning Post сонинд мэдээлснээр Хунань мужийн эрдэмтэд коронавирусээр халдварласан амны хаалт зүүгээгүй өвчтөн сууж явсан холын зайн автобусанд вирус тархсан тодорхой тохиолдлыг судалсан байна.

Өвчтөн автобусанд түүнээс янз бүрийн зайд сууж явсан долоон хүнийг халдварлуулсан байжээ. Тэдний дотор өвчтөнөөс 4.5 метр буюу зургаан суудлын зайтай сууж явсан хос халдвар авсан байна.

Түүнчлэн яг тухайн үед автобусанд зорчиж явсан хүмүүс бууснаас хойш 30 минутын дараа дараагийн ээлжинд суусан нэг зорчигчид коронавирус халдварлажээ.

Зургаар харуулъя.
 

Улаан - Халдварласан иргэн (Халдвар тараагч)

Шар - Халдвар авсан хүмүүс

Цэнхэр - Халдвар авсан ч шинж тэмдэг хараахан илрээгүй байгаа хүн

Ягаан - Халдвартай иргэн автобуснаас бууснаас хойш 30 минутын дараа автобусанд сууснаар халдвар авсан хүн.


Шинэчлэгдсэн мэдээллээр коронавирус өвчтөн ханиах эсвэл найтаах үед амьсгалын замаар цацагдсан шүлс, шингэний дусал туссан гадаргуу дээр хэдэн хоногийн турш амьдрах чадвартай болохыг эрдэмтэд мөн тогтоожээ.

Ингэхдээ халдварын гадаад орчин орших хугацаа тухайн орчны температур болон тухайн гадаргуун материалаас шалтгаалдаг байна. Тухайлбал, Цельсийн +37 хэмд вирус шил, даавуу, төмөр, хуванцар болон цаасан гадаргуу дээр хоёроос гурав хоногийн туршид идэвхтэй байх чадвартай аж.

Хятадын эрдэмтэд гараа тогтмол угаах, олон нийтийн газар ялангуяа тээврийн хэрэгсэл зэрэг битүү орчинд амны хаалт зүүх нь халдвараас урьдчилан сэргийлэхэд МАШ ЧУХАЛ болохыг онцгойлон анхааруулсаар байна.


Монгол Улс, Улаанбаатар хотын хувьд коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн бүх тээврийн хэрэгслүүдэд цэвэрлэгээ, ариутгалыг өглөө, оройдоо эрчимтэй хийж байна.

Нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийтийн тээврийн газрын удирдах ажилтнууд болон захиргааны алба хаагчид гуравдугаар сарын 10-ны оройн 20:00 цагаас 11-ний үүрийн 04:00 цаг хүртэл автобусны баазууд дээр тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудтай хамтран ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэн ажиллажээ.

Нийтийн тээврийн ариутгал, цэвэрлээгний явцын мэдээг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхэд тогтмол танилцуулж үүрэг чиглэл авч ажиллаж байгаа хэмээн албаныхан хэллээ.

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээвэрт хийгдэж буй зохицуулалтын талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ "Гуравдугаар сарын 10-аас 16-ны өглөөний 06:00 цаг хүртэл нийтийн тээврийн автбусанд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгдэж байна. Тухайлбал, 15 минут тутамд  нэг автобус явдаг байсан бол одоо 30-35 минут болгож зохицуулж  байна. Өөрөөр хэлбэл, амралтын өдрүүдэд 30, ажлын өдрүүдэд 50 хувиар автобусны гаралтыг хязгаарлаж байгаа.  Үүнийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна. Энэ эрсдэлтэй цаг үед нийтийн тээврийг огт явуулахгүй байх санал гарч байгаа ч яалт ч үгүй ажилтай иргэдээ харгалзан үзэж тодорхой тооны нийтийн тээврийн хэрэгсэл явуулах шаардлагатай байгаа юм. Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн зорчилтын тоог харахад иргэдийн хөдөлгөөн 40 орчим хувиар багасч 190 орчим мянган зорчигч давтагдсан тоогоор нийтийн тээврээр зорчсон байна. Гэсэн хэдий ч гэсэн иргэд өөрсдийн хувийн ариун цэврээ сахиж, олон хүнтэй газарт аль болох явахгүй байхыг зөвлөж байна. Өглөө оройд нийтийн тээврийн цэвэрлэгээ ариутгалын явцын мэдээ тогтмол ирж байна. Халвар тархахгүй байх тал дээр бүх шатны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хичээж ажиллаж байна" гэжээ. 

Top