Шинэ коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна.
Өнөөдөр 15:41 цагийн байдлаар нэгдүгээр зэргийн хавьтлын 149 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинэ коронавирусын халдвар аваагүй нь тогтоогдлоо. Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна
Харин Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Англи Улсын иргэнээс авсан сорьцыг 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лабораторид шилжүүлээд байна. Хариу нь маргааш гарна. Английн иргэний биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Коронавирус өвчний халдварын шинжилгээ, Монгол Улсын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр 11:00 цагаас “Коронавирусний халдвартай нь тогтоогдсон франц иргэний ойрын хавьтал болох 126 хүний шинжилгээний хариунаас коронавирус өвчний халдвар илрээгүйг эхэлж мэдэгдье. Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д дөрвөн хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариугаар коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 11-нд мөн найман сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Гуравдугаар сарын 11-нд "Багабаян" амралтад 31, “Бадрах Энержи” компанийн кэмпэд 64, Дархан-Уул аймагт нэг, Дорноговь аймагт 35, Хэнтий аймагт хоёр, Орхон аймагт 11, Хөвсгөл аймагт хоёр, нийт 149 хүнийг ажиглалт, хяналтад аваад байна.
Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирсан. Эмчилгээ хийгдэж байна. Давтан шинжилгээ, нарийн шинжилгээнүүдийг өнөө өглөө авсан. Хамгийн гол нь сэтгэл санаа нь тогтворгүй, санаа зовсон байдалтай байгаа. “Монгол Улсад халдвар тээгээд ирчихлээ. Францад ч намайг Монголд халдвар тараалаа гэж ярьж байна" гэх зэргээр санаа нь зовж, өөрийгөө буруутгаж, сэтгэл нь тавгүй байна.
Эмчлэгч эмч нь зөвхөн хувь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй биш агаар дуслын замаар дамждаг халдвар тул тайван байх ёстой гэдгийг зөвлөж байгаа. Хүний сэтгэл санаа тайван байх нь тархлалыг бууруулдаг. Түүнд сэтгэлээ санааны болон бусад эмчилгээг хавсарч хийнэ. Манай эмчилгээ, үйлчилгээ, эмчид итгэж байгаагаа хэлсэн. Эмчийн хандлагад эерэг хариу өгч байгаа нь сэтгэл санааг нь тогтворжуулж, эмчилгээнд эерэгээр нөлөөлнө. Анх кемпэд тусгаарлахад үл тоож байсан бол одоо эмчтэйгээ ойлголцож, харилцаа хандлага нь өөрчлөгдсөн” гэсэн мэдээлэл өгснийг дахин сануулъя.