Диснейлэнд зогссон ч 31 мянган ажилтандаа ЦАЛИНГ НЬ ХЭВИЙН ОЛГОНО

2020 оны 03 сарын 13

Ирэх долоодугаар сарын 17-нд 65 жилийн ойтойгоо золгох Калифорнийн Анахем дахь Диснейлэнд коронавирусний халдвараас шалтгаалан энэ сарыг дуустал үүдээ барихаар боллоо. Тус цэнгэлдэх хүрээлэн түүхэндээ дөрвөн удаа үйл ажиллагаагаа зогсоож байжээ. Хамгийн сүүлд  “9 дүгээр сарын 11”-ний халдлагын дараа хэсэг хугацаанд үүдээ барьж байсан байж. Тэгэхээр 19 жилийн дараа ийнхүү коронавируснээс болж үйл ажиллагаа нь хэсэг хугацаанд зогсох нь ээ.

Калифорни мужийн захирагч  Гэвин Ньюсом муж улсын хэмжээнд 250-аас олон хүн цугларсан арга хэмжээнүүдийг цуцлах захирамж гаргасан юм.

Гэвин Ньюсом

Тэгвэл Калифорни дахь Диснейлэндээр өдөрт дунджаар 50 мянган хүн үйлчлүүлдэг.

Тиймээс мужийн захирагчийн захирамж болон үйлчлүүлэгчид, ажиллагсдынхаа эрүүл мэндийн байдлыг хамгаалах үүднээс Диснейлэнд паркаа түр хугацаагаар хаах болсноо корпорацын зүгээс мэдэгдлээ.

Диснейлэнд бол Калифорни муж улсад хамгийн олон ажилтантай үйлчилгээний байгууллага. Нийт 31 мянган ажилтантай. Тэгвэл коронавируснээс болж үүдээ хаах хугацаанд ажилтнуудынхаа цалинг хэвийн олгоно гэж мэдэгдсэн байна.

Анахем дахь Диснейлэндийн үйл ажиллагаа маргаашнаас зогсох бол паркийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, үйлчилгээний бусад газрууд 16-ны өдрөөс ажиллахгүй аж.

 

 

 

Top