Шинэ коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна.
"Өнөөдөр 10:00 цагийн байдлаар халдвар авсан гадны хүнтэй хамгийн ойр байсан есөн хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарлаа. Нийлбэр дүнгээрээ өчигдрийн 149 иргэн дээр нэмэгдэж 58, нийтдээ 207 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гараад байна. Шинжилгээ үргэлжилж байна. Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна" гэж Эрүүл мэндийн яам, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Англи Улсын иргэн буюу халдвар авсан Францын иргэнтэй онгоцонд хамгийн ойр сууж ирсэн зорчигчоос авсан сорьцыг өчигдөр 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч, лабораторид шилжүүлсэн.
Өнөөдөр өглөө англи хүний коронавирусний шинжилгээ СӨРӨГ буюу халдваргүй гэж гарсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтийн сүлжээнд мэдээлсэн билээ.