Д.Нямхүү: Франц иргэнтэй маш ойр байсан 58 хүний хариу СӨРӨГ гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.13/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.

Өнөөдөр 10:00 цагийн байдлаар халдвар авсан гадны хүнтэй хамгийн ойр байсан есөн хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарлаа. Нийлбэр дүнгээрээ өчигдрийн 149 иргэн дээр нэмэгдэж 58, нийтдээ 207 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гараад байна. Шинжилгээ үргэлжилж байна. Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Юуны өмнө КОВИД-19 халдвар авсан Франц иргэнийн ойрын хавьтал болсон 58 хүний шинжилгээ хариу сөрөг буюу КОВИД-19 илрээгүй. Энэ бол маш чухал мэдээ. Эдгээр 58 хүн дотор Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь “Бадрах Энержи” компанийн “Зөөгч Овоо” кэмпэд ойрхон байсан, халдварын шинж тэмдэг илэрсэн есөн хүний шинжилгээний хариу багтсан. Өнөөдөр мөн Дорноговь аймаг дахь кэмпээс нэмж шинжилгээний сорьцууд ирнэ. Үүний хариу маш чухал. Франц иргэний хавьтал болон бусад үйл ажиллагаа тусдаа явж байгааг тусад нь мэдээлж байна. 2020 оны гуравдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. 2020 оны гуравдугаар сарын 13 буюу өнөөдөр нэг иргэнийг нэмж тусгаарлан, тандалт хийж байна. Хяналтад байгаа хүмүүсээс шинжилгээ аваагүй ч гэсэн шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд байнга хяналт тавьж байна. Энэ бол маш чухал үзүүлэлт. Гэртээ байгаа хүмүүс ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай мэдэгдэх хэрэгтэй гэдэг зөвлөмжийг өгч байна” гэлээ.

Франц иргэний Монголд зорчсон ЧИГЛЭЛ


2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрсэн.

Нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоосон.

Энэ хугацаанд "Баянгол", "Веранда", "Ариг" ресторан, "ICC Tower"-т очиж үйлчлүүлсэн, галт тэргээр зорчсон зэргээр хавьталд орсон.

Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компанид ажилладаг.

Нутагтаа 10 гаруй хонохдоо гэрийн ойролцоох дэлгүүрээр үйлчлүүлсэн, сүүлийн 14 хоногт зэрлэг мал, амьтан, сэг зэмтэй харьцаагүй, далайн захаар яваагүй, ойролцоох мужийн Зеблин дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн.

Монгол Улсад ирж, "Баянгол" зочид буудалд байрлахад нь 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах  зөвлөмж өгсөн ч гадуур гарсан. 

2020 оны гуравдугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явж, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах Энержи” компанийн “Зөөгч Овоо” кэмпэд гуравдугаар сарын 11-нийг хүртэл байрласан. 

 

Top