БНСУ-д Монголын хоёр иргэн Covid-19 халдвар авсан гэх мэдээллийг нягталж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

БНСУ-д Монголын хоёр иргэн Covid-19 халдвар авсан тухай мэдээллийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. 

Тухайлбал, Өмнөд Солонгосын "Жун Ан Илбу" сонины цахим сайтад "Өвчин хяналтын төв, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр өнөөдрийн 00 цагийн байдлаар БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр гадаадын иргэншилтэй 60 хүн халдвар авснаар бүртгэгдлээ. Эдгээр нь БНХАУ-ын харьяат 38 , АНУ-ын 7 хүн, Монголын 2, Вьетнамын 2, Аргентины 2, Австралийн 2, Тайландын 2, Польшийн 1, Японы 1, Индонезын 1, Узбекстаны 1 хүн, Малайзын 1 иргэн байна" гэжээ. 

Энэ талаар Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яамнаас тодруулахад "БНСУ дахь ЭСЯ-аар дамжуулан Өмнөд Солонгосын талаас лавлаж байна. Албан ёсны хариу ирээгүй байгаа тул мэдээллийг баталгаажуулсны дараа мэдээлэл өгнө" гэлээ. 

Мөн "Монгол Улсын Онцгой комисс Бүгд Найрамдах Солонгос Улсад Монгол Улсын хоёр иргэн Covid-19 халдвар авсан гэх мэдээллийн талаар БНСУ-ын талаас албан ёсны мэдээллийг хүлээж байна.

БНСУ-ын хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээллүүд ч явж байгаа тул БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдсон бөгөөд тус төвөөс нарийвчилж тодорхой мэдээлэл өгөхөөр боллоо.

БНСУ-д ажлын цаг дууссан тул маргааш өглөө ажлын цаг эхлэхэд албан ёсны мэдээлэл ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Top