Франц иргэнтэй маш ойр байсан бүх хүний хариу СӨРӨГ гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.15/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


Сүүлийн 24 цагийн дотор 13 оронд шинээр халдвар бүртгэгдсэнээр дэлхийн 135 оронд КОВИД-19 халдвар бүртгэгдлээ. Иргэдэд цахимаар хариулт өгөх чатботыг ажиллуулж эхлэхээр болжээ. 

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа "Франц, Итали улсад өчигдрөөс эхлэн хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад үйл ажиллагааг зогсоосон байна. Япон улсад 15 хоногийн хугацаанд карантин тогтоосон байна. Халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор дэлхийн улс орнууд зайнаас харилцах, бие биедээ хүрэхгүй байх удирдамж гаргаж байна. Их Британи улсад 342 шинэ тохиолдол 12 нас баралт бүртгэгдлээ. АНУ-д бүх мужид шинэ коронавирусний халдвар бүртгэгдсэн.

Италийн Ламбордин мужид эрчимт эмчилгээний орны тоо хүрэлцэхгүй боллоо. Олон хоногийн эрчимт эмчилгээ хийж байгаа тул өдөрт 2-3 ор л суларч байна. Италид 3497 шинэ халдвар, 175 нас баралт бүртгэгдлээ. Японд бямба гарагт 64 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр боллоо" гэв.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Дорноговь аймгийн кэмпээс өчигдөр өглөө ирсэн 54 хүний хариу сөрөг гарсан. Өмнө нь шинжилгээ авсан 215 хүн дээр 54 хүнийг нэмэн нийт 269 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Эдгээр хүмүүс халдвар авсан хүнтэй хамгийн ойр байсан хүмүүс. Ойрын хавьтагч болсон бүх хүмүүсийг хяналтад авч, шинжилгээ хийж дууслаа.

2020 оны гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурван хүнийг тусгаарлан тандалт, шинжилгээ хийж байна. 2020 оны гуравдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. 2020 оны гуравдугаар сарын 14-нд Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад нийт 53 хүнийг тусгаарласан.

Өнөөдөр БНСУ-аас ирж буй онгоцыг яаж хүлээж авч, ирж буй зорчигчдыг хэрхэн эрэмбэлэн ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ  гээд бүгд ажлаа хуваарилаад авчихсан. Өнөөдрийн хувьд чухал ажил эхлэх гэж байна" гэлээ.

 

 

Top