Бусан, Дэгү хотоос ирсэн иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлана

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.03.16/ мэдээлэл хийлээ. 

Шуурхай штабаас "Өнөөдөр өглөө 08:25 цагт МИАТ-ийн тусгай үүргийн онгоц Сөүл рүү ниссэн. Төлөвлөсөн хуваарь ёсоор 16:05 цагт 250 иргэнийг Улаанбаатарт авчирна. Тэднээс эрүүл мэндийн шалтгаантай 47 хүнийг Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт аваачих бол 203 иргэнийг “Энх саран” сувилалд тусгаарлана.

Сөүлээс ирэх иргэдийн ачааг 14 хоногийн хугацаанд нисэх буудалд тусгаарлана. Нисэх буудал иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй учраас зорчигчдын ар гэрийнхэн нисэх буудалд ирэхгүй байхыг хүсье" гэлээ.

 

БНСУ-аас ирэх иргэдийг хэрхэн тусгаарлах талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “БНСУ-ын Сөүлээс 250 орчим зорчигч бүртгэлээ хийлгэж дууслаа. Иргэдийг хаана тусгаарлах нарийн зохион байгуулалтыг хийсэн. ХӨСҮТ-д шинж тэмдэг илэрсэн болон Бусан, Дэгү хотуудаас ирсэн иргэдийг тусгаарлана. Харин шинж тэмдэг илрээгүй бол тусгаарлах байруудад байлгана. Тодруулбал, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт, бусад иргэдийг “Энх саран” сувилалд тусгаарлана.

Гадаадаас ирэх иргэдийг авчрах тусгай онгоцны суудал дүүрсэн. Эцсийн мөчид тасалбараа буцааж буй иргэд байна. Сүүлийн тохиолдолд гадаад паспортоо мартсан болон халуурсан хоёр иргэнийг онгоцонд суулгаагүй" гэв. 

Top