ӨНӨӨДӨР: Хот руу орох, гарах ХӨДӨЛГӨӨНИЙГ нээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

Монгол Улсад шинэ коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 11-16-ны өдөр хүртэл хот хоорондын замын хөдөлгөөнийг хаасан билээ. 

Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цагаас хот хоорондын авто болон төмөр замын хөдөлгөөнийг нээлээ. 

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн үйлчлэл өнөөдөр дуусч, захирамжид дурьдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа нээгдэж байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн үйлчилгээний газрууд болох үсчин, гоо сайхан, "Өгөөмөр", "Нарантуул", Барилгын зах, төвүүд гээд бараа үйлчилгээний газрууд хэвийн горимд ажиллана. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд эдгээр газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. 

Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээсэнтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхаарна уу!!!

Шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар судалгаа авах бөгөөд тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болох тул иргэд жолооч нар эмх цэгцтэй ажил үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.

Баян-Өлгий аймагт коронавирусний шинж тэмдэг бүхий нэг иргэнийг тусгаарласантай холбоотойгоор аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хаасныг сануулъя. Орох хөдөлгөөн нээлттэй. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top