Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.16/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн дотор шинээр 11 оронд шинэ коронавирусний анхны тохиолдол бүртгэгдэж, дэлхийн 150 улсад тархлаа. Европын орнуудад халдвар эрчтэй тархаж байна.
Монгол Улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлын нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг бүрэн хяналтад авч дууслаа. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн 40 оронд халдвар бүртгэгдсэн.
ДЭМБ-аас шинэ коронавирусний халдвар олон орныг хамарч, цар тахал удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай байна гэж анхааруулсан.
Эрдэмтэн, судлаачид Монгол Улсад анхаарлаа хандуулж байна. Учир нь БНХАУ-д гурван сар гаруйн хугацаанд өвчлөл тархсан. БНХАУ-тай 4623 км хиллэдэг Монгол Улс яагаад зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдолтой байна вэ гэж судалж байна. Зарим судлаачид Монгол Улсын Засгийн газар, Улсын онгой комисс, Эрүүл мэндийн яам цаг алдалгүй арга хэмжээ авсан нь халдвар тархахгүй байх хамгийн зөв шийдвэр байлаа хэмээн дүгнэж, хөл хорио тогтоох нь хамгийн оновчтой шийдвэр болохыг улс орнуудад зөвлөж эхэлсэн гэх таатай мэдээтэй байна" гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан н.Амарзаяа "Сүүлийн 24 цагийн байдлаар 343 хүн нас барлаа. БНСУ-д 77 халдвар бүртгэгдэж, гурван хүн нас барж байна. Итали, Иран, Ирак улсад халдварын тоо нэмэгдсээр байна" гэлээ.