Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэвийн байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр түр зогсоосон. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхлэн нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоодын хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ.

Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд өглөөний 07.00 цагийн байдлаар хотоос гарах хөдөлгөөн ачаалалтай байсан бол хот руу орох хөдөлгөөн ачаалал бага байв.

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодод болон шороон замуудад Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албаны албан хаагчид хяналт тавьж ажилласан бөгөөд энэ хугацаанд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна. Мөн зам хаасан нөхцөлд зам тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байсан талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн  газрын албан хаагчид ярьж байлаа. Замын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай 10741 иргэн, 4069 тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн байна. 

Хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгддэг учраас Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод зохион байгуулж буй Хяналтын цэгт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлж ажиллаж байгаа аж. Мөн хөдөлгөөний ачааллаас шалтгаалан дөрвөөс зургаан эгнээ гарцыг нээж, түргэн шуурхай зохицуулалтыг цаг тухайд нь авч ажиллаж байна.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Иргэд эрүүл мэндийн тандалт судалгаанд оролцохдоо цааргалах, дургүйцэх явдал гаргаагүй. Халууныг нь хэмжиж, асуумж бөглөхөд 1-2 минутыг зарцуулж байна. Одоогийн байдлаар хүндрэлтэй асуудал алга” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Top