257 монгол иргэнээ тээвэрлэсэн МИАТ-ийн онгоц 20:50 цагт Улаанбаатарт газардана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

МИАТ-ийн тусгай үүргийн онгоц Япон улсын Токио хотоос монгол иргэдээ авчрахаар өнөөдөр өглөө ниссэн. Тэгвэл 257 иргэнээ тээвэрлэсэн онгоц Монгол Улсаа зорин ирж байна.

Тов ёсоор тусгай үүргийн онгоц орой 20:50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах ёстой юм.

Сануулахад, гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.

Эхний ээлжинд өчигдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-аас эмнэлгийн хяналтад байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай эхний 244 иргэнийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр эх оронд нь авчирсан.

Өнөөдөр тусгай үүргийн онгоц  Улаанбаатар-Токио, Токио-Улаанбаатарын чиглэлээр ийнхүү иргэдээ авчирч байна.

МИАТ-ын тусгай үүргийн онгоц Москва, Берлин, Токио, Истанбул хотууд руу тус бүр 1 удаагийн нислэг гүйцэтгэх бөгөөд эдгээр нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлаж, холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах юм.

 

 

Top