КОВИД-19: Коронавирусний эсрэг эмийг туршиж эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

Хонконгийн эмч нар шинэ төрлийн коронавирусийн эсрэг үр дүнтэй гэж үзэж буй Ремдесивир эмийн хэрэгслийн эмнэл зүйн туршилтыг хийж эхэлжээ.

Хонконгийн эмнэлгийн газрын төлөөлөгч Нг Тин Янийн хэлснээр, Анагаах ухааны ёс зүйн хороо ремдесивир хэрэгслийн тус хотын улсын эмнэлгүүдэд турших зөвшөөрөл олгосон байна. Судалгааны бэлтгэл ажил дууссан бөгөөд гүнж Маргарет, Уэльсийн ханхүү, хатан хаан Мариагийн эмнэлгүүд туршилтад хамрагдах өвчтөнүүдийг бүртгэж байгаа аж.

Ремдесивир вирусний эсрэг эмийг АНУ-ын “Gilead Sciences” компани Эбола зэрэг халдварт өвчний эсрэг гаргаж авчээ. Мэргэжилтнүүд энэ эм шинэ төрлийн коронавирустэй тэмцэхэд үр дүнтэй гэж үзэж байна

Эх газрын Хятад улсад энэ эмийг КОВИД-19 халдвар авсан өвчтөнүүд дээр туршиж эхэлсэн бөгөөд эхний үр дүн ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр гарах аж. Үүнтэй зэрэгцэн Тайванийн эрдэмтэд ремдесивир эмийг мөн туршиж эхэлсэн байна.

Доктор Нг Тин Янийн хэлснээр, Хонконгт халдвар авсан өвчтөнүүдэд бакетрийн эсрэг эм, тариа хийх замаар эмчилж байна. Өвчтөний биеийн байдал хүндрэх үед эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж байгаа бөгөөд зарим тохиолдолд уушги, цусыг хүчил төрөгчөөр хангах эмчилгээ хийдэг байна. Мөн өвчтөнүүдэд интерферон, рибавирин, протеасом инхибитор зэрэг вирусний эмийг хэрэглэж байна.

 

Top