КОВИД-19 | Далд уурхайн ажилд мэргэшсэн зөвлөгөө өгөх баг Монголд ирэх боломжгүй байна

2020 оны 03 сарын 17

Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч Рио Тинто коронавирустэй холбоотойгоор гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил удаашрах нөхцөл үүссэнийг мэдэгдлээ. Гүний уурхайн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгаж, зардал болон хуваарийн нарийвчилсан мэдээллийг оны хоёрдугаар хагаст эцэслэн гаргах төлөвтэй гэж байсан ч коронавирус буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр төслийн хэрэгжилтэд бэрхшээл үүсэж байна гэж тайлбарлаж байгаа юм.

“Оюу толгой” компани  2019 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулахдаа компанийн үйл ажиллагааны үзүүлэлт сайн, гүний уурхайн бүтээн байгуулалт урагшилсан жил байсан гэж тодотгож байв.  Үндсэн үйлдвэрлэлийн амны барилга, угсралтын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сард дуусгасан.  Бүтээмж сайжруулах ажлын хүрээнд дөрөвдүгээр улиралд гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн түвшин өсөж гуравдугаар улирлын дундаж болох 1,214 метрээс их буюу дунджаар 1,607 метрийн ахиц гаргасан.  Харин дөрөвдүгээр улиралд шинэ амжилт тогтоож 1,809 метрийн нэвтрэлт хийсэн. Агааржуулалтын урд, хойд амны барилгын ажил урагшилж байгаа бөгөөд хоёр барилгын хүзүүвчийг суурилуулж дууссан. 2020 оны хоёрдугаар улиралд голлох нэвтрэлтийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил сүүлийн шатандаа явж буй гэсэн мэдээллийг өгч байсан.

Тэгвэл одоо коронавиустэй холбоотойгоор гүний уурхайн бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэшсэн үйлчилгээг үзүүлэх багийг, мэргэжилтнүүдийг Монголд авчрах боломж хэцүү болоод байна гэж Рио Тинто компанийн зүгээс мэдэгдээд байна.

Top