ЭМЯ: Коронавирусээр халдварласан дахин нэг тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.17/ 19:24 цагаас шуурхай мэдээлэл хийлээ. 

Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс өчигдөр /2020.03.16/ шинэ коронавирусний халдвар илэрсэн билээ.

Ойрын хавьтлуудад шинжилгээ хийж байгаа бөгөөд гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс өнөөдөр шинэ коронавирусний халдвар илэрснээр Монгол Улсад КОВИД-19 халдварын тав дахь тохиолдол бүртгэгдлээ.

Тухайн иргэн Итали улсаас ирсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтвортой байна. Түүнийг өчигдөр халдвартай болох нь тогтоогдсон иргэний ойрын хавьтал биш гэж үзэж байна. 

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Онош батлагдсан таван тохиолдлыг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эмчилж байна. Одоогийн байдлаар онош батлагдсан таван тохиолдлын биеийн байдал тогтвортой байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл хүрэлцээтэй байгаа. Иргэдийн айж сандрахгүй, амны хаалтаа зүүж, гараа сайтар угаан гадуур гарахгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ танд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл 119 ,100, 103 болон 80086829, 323002 дугаарын утсанд хандаж, зөвлөгөө авахыг зөвлөж байна" гэлээ. 

 

ВИДЕО ҮЗЭХ

 

Top